surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

С.Өрнүүнбилэг болон Э.Цэвэлдорж нар өнөөдөр дээд лигийн сүүлийн тоглолтдоо оролцно

С.Өрнүүнбилэг болон Э.Цэвэлдорж нар өнөөдөр дээд лигийн сүүлийн тоглолтдоо оролцно

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд өөрсдийн нэр алдар, гавьяа зүтгэлээ тод томруун үлдээсэн эрхмүүд болох С.Өрнүүнбилэг болон Э.Цэвэлдорж нар өнөөдөр/2024.01.26/ 18.10 цагаас “UG” аренад дээд лигийн сүүлийн тоглолтдоо оролцох гэж байна.

Хамтдаа Хасын Хүлэгүүдийн бүрэлдэхүүнд лигийн аварга авч байсан тэд энэ улирлын эхэнд гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор ТЛЖ Ондилт багт нэгдсэн билээ. Дээд лигийн туршлага дутмаг ч хурдтай залуусаар багаа бүрдүүлсэн ТЛЖ Ондилт плей-оффт орох нь нэгэнт боломжгүй болсон. Харин дээд лигт үлдэхийн төлөөх өрсөлдөөнийг Монголианс, Дархан Юнайтед, ШУТИС Шаркс багуудтай үзүүлж буй.

Өнөөдөр ТЛЖ Ондилт баг Сэлэнгэ Бодонсын эсрэг хожигдож үл болох тоглолтыг хийнэ. Хэрэв хожигдвол ирэх улирал дээд лигт тоглох эсэх нь эргэлзээтэй болж ирнэ. Ийм л чухал тоглолт дээрх хоёр эрхмийн сүүлийн тоглолт болно.

Дорноговийн унаган хүү С.Өрнүүнбилэгийн хувьд гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай талбай дээр хүч үзэж, Солонгост Донгукийн их сургуулийн шигшээд тоглож явсан нэгэн. Эрдэнэдрийлинг Ригс, Их Өргөө Аравтуудын С.Өрнүүнбилэг бол тоглолт бүрт л +20 оноо, +10 самбараас бөмбөг авалт үзүүлдэг, тэргүүн тоглогчийн өрсөлдөөнд үргэлж дээгүүр бичигддэг тоглогч байсныг сагсан бөмбөг сонирхогчид санаж байгаа биз. Харин cүүлд Хасын Хүлэгүүдэд эргэн нэгдэж, дутуу байсан аваргын цомоо авч, зорилгоо биелүүлсэн. Түүний шидэлтүүд олон ч багийн хамгаалалтыг нурааж, фэнүүдийг нь гонсойлгосон түүхтэй.

Сүүлд гарсан мэдээллээр С.Өрнүүнбилэг өнөөдөр лигийн сүүлийн тоглолтдоо оролцох ч плей-оффын үеэр Хүлэгүүдийн өмсгөлтэй албан ёсоор зодог тайлах гэнэ.

Тэгвэл түүний хамтран зүтгэгч Э.Цэвэлдорж Архангай аймгаас гаралтай бөгөөд алдарт Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын гараар дамжсан хатуу самруудын нэг. Худалдаа, Ёлууд, Ирвэсүүдийн Э.Цэвэлдорж бол хамгаалалт сайтай, эгзэгтэй мөчид хэрэгтэй шидэлтүүдийг амжилттай гүйцэтгэдэг сэтгэл зүй өндөртэй нэгэн байлаа. Хахир хатуу хамгаалалтаараа эсрэг багийнхаа шилдгүүдийн довтолгоог олон ч удаа нурааж, талбай дээр басхүү дэггүйтэж явсан ахмад тамирчин.

Өнөөдөр дээрх хоёр эрхмийн сүүлийн тоглолт болохоос гадна Эрдэнэтийн Уурхайчид болон Бишрэлт Металл багууд хэн нь улирлыг амжилтаараа тэргүүлэх вэ гэдгээ шийдэх чухал тоглолтыг хийнэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1