surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ҮРГЭЛЖЛЭЛ...

ҮРГЭЛЖЛЭЛ...

     Намирсан  үстэй, хонин бор нүдтэй, шовх өндөр хамартай, дэндүү элгэмсэг өвөөгийн өвөр дээр нь өссөн. Тэрбээр сардаа ганц гадуур гарч, тамхи нэрэнгээ Аажаа ахынд өнжөөд орой нь халамцуухан ирэхэд би даанч дуртай. 14 хоногтоо нэг удаа уурын индүүгээр индүүддэг босоо захтай саарал пальтоных нь дотуур халааснаас чихэр эсвэл хатуу ааруул гарч ирдэг болохоор л өвөөгөө унталгүй хүлээдэг байлаа тэр өдрүүдэд. Гал тогооноос “насаа бодоод намба суудаггүй хачин өвгөн шүү” гэх буурал ээжийн үглэхийг сонсоод  зүүн нүдээ аниж, урт ягаан хэлээ гарган толгой дохидог сон. Эмээгийн хэлдгээр өвөө минь насаараа хүүхэд шиг тоглоом тохуу хийж, гурван охиныхоо бага насыг мөрөн дээрээ элээсэн, хөл хөнгөн, дэгжин буурал байлаа. 
     “Зөнөг амьтныг эрхлүүллээ” гэх охидынхоо хармын үгийг тоолгүй 15-тай намайг бага сургуулийн үүд хүртэл дагаж алхдаг сан. Тэгэхдээ нэг гартаа мульти, нөгөө гартаа цүнх барьчихсан “Өнөөдөр л нэг охинтой үерхдэг юм шүү” гэж мушилзана.  Өвлийн хүйтнээр зайрмаг идэж яваа надад өвөөгийн иймэрхүү ил задгай үгс огтхон ч санаа зовмоор хэцүү санагддаггүй билээ. Учир нь өвөө намайг 14 хүрэхэд дагуулж яваад  томчуудын кино үзүүлж, халаасанд анх удаа бэлгэвч хийж өгсөн хүн гээд бод. Гэвч тэр нэг л үгийг хааяа захидаг байв. “Хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг байгаарай” гэж. Нээрээ л хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байж бүхнийг хүртдэг учиртай юм билээ. Өвөө хүнийг ингэж хайрладаг гэж ганц удаа хэлээгүй. Гэхдээ эмээгийн гарыг цаг тутам атгаж, массаж хийж өгнө. Гадуур орой болгон хамт алхана. Орой нь унтахаас өмнө заавал ном уншиж, дараа нь пянз сонсоно. Хэзээ ч ганцаараа хоол иддэггүй. Эмээг эзгүйд мах л чанана. Тэгээд жигтэйхэн жижиглэж таваглачихаад унтдаг байж билээ. 

Өвөө маань Зоригт хааны хошуунд төрж өссөн. Одоогийн Увс аймгийн Давст суманд.  Тийм ч болохоор Зоригт хааны хөвгүүд зоригтой байдаг юм гэж онгирно.  Зоригтой, онгироодуу яриатай өвөө минь эмээгээс их айдаг. Сайндаа л өвөө минь зайрмаг нууцаар авч өгөх бүрдээ “хэлж болохгүй шүү” гэж захидаг сан. 

Өвөө минь их сургуульд хүртэл хүргэж өгдөг байлаа.

 2016 оны нэгдүгээр сар.  Дарханаас гарсан их нүүдэл явсаар нэгдүгээр эмнэлгийн зүүн талд ирж суурьшив.  Сонирхуулахад өвөөг  Улаанбаатарт 11 жил дотоод хэргийн яаманд ажиллаж байгаад Дархан руу томилогдсоноос гучин жилийн дараа нийслэлд манайх эргэн ирсэн нь энэ. Ирснийх нь орой хоёр буурлынхаа голоор орж хэвтээд шөнөжин мөрөөдлөө ярьсан минь одоо ч санаанд илхэн байна. Дэндүү мөрөөдөмтгий намайг дэмнээгүй, дэмжээгүй цаг хугацаа тэдэнд үгүй билээ. 
Үүнээс хойш гурван жил эмээ хоол хийж, өвөө хоол зөөв. 13:00 цагийн их засварлагааныг ангийнхан минь хүртэл хүлээдэг байлаа. 17 оюутан 13:00 цагийг хуруу тоолон хүлээх ч бас үгээр хэлэмгүй сайхан дурсамж. Өвөө, эмээ хоёр минь тийм л нэг хүний хайлан болсон улс. Зарим нь ээжийгээ, эмээгээ санаж уйлна, зарим нь өвөөгийн чихрийг надтай булаалдана. Хичээл  тараад манайх руу явж хонох найз элбэг байв. 
2019 оны зун. Өвөө эмээ хоёроос хамгийн удаан хол байсан өдрүүд. Ангиараа Хятадыг зорьж, хоёр сараар тоглолт хэсч, газар үзэв.  Жаахан л ядарвал эмээгийн шөл, өвөөгийн цайг санадаг байлаа. Газар газраас цугласан оюутан залуус гэр гэрийн зүг мордлоо. Харьж яваа миний сэтгэлийг нэг дуудлага урж орхисон юм. Удаан хүлээсэн эмээдээ ахиж үнсүүлэхээргүй болов. Эмээ минь авто ослоор нас барснаар удаан хараагүй ээж намайг тосов. 
Арван нэгдүгээр сарын 17-ны өдөр байв. Эмээг тэнгэрт дэвшсэнээс дөрвөн сарын дараа анх удаа  өвөө Аажаа ахынд очихоор гарсан юм. Амьдрах хэцүү гэдгийг өвөөгөө гарсны дараа орыг нь засч суухдаа мэдэрч билээ. Нэгэн биенийхээ талыг алдсан буурал аавын бүлээн дэр нойтон байв. Дэрийг нь барьж хэсэгхэн уймраад эргэж өрөөндөө ороход өвөөгийн дугаараас дуудлага ирсэн юм. Надад ахиж хэзээ ч ирээгүй тэр дуудлагыг таслаагүй бол гэсэн харуусал одоо ч төрдөг. Өвөө минь Аажаа ахынх руу явах замдаа банк орж, миний дансыг асууснаас есөн цагийн дараа тэнгэр болов. Ухаан жолоогүй харайж очсон тэр өдөр хоёр айлын хэдэн хүүхэд нулимстай цуглаж билээ. Хархан багаасаа тоглож өссөн ханагар хоёр буурал нэгэн гэрт, нэгэн цагт хальсан байв. 

        Ээж эгч нарын ярьдгаар өвөө,Аажаагийнд ирсэн тэр өдөр бүгдийнх нь дансанд мөнгөө хувааж  хийгээд үлдсэн хэдээрээ ганц шил бор юм аваад очсон юм билээ. Аажаа тухайн үедээ цусаар бөөлжөөд бие нэлээд дор гарсан ч өвөөтэй уулзана гээд бага охиноороо дээлээ гаргуулж өмсөн, дэвхийтэл суугаад хүлээж байсан гэдэг. Амьдралд бүхнээ биш ч чухлаа алдсан хоёр уул инээд хадаан ууж байгаад унтсан юм гэдэг. 
 

Эмээгээ, өвөөгөө алдсан тэр намрын хөндүүрийг  залгаж өвөл болов. Өврийг минь дулаацуулах үртэй болов. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1