2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж, тодорсон тодроогүй нэр дэвшигчдийн зарим нь сонгуулийн ажилдаа ханцуй шамлан орсон дүр зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд эрчимтэй хөврөх боллоо. Тодруулбал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тойрогт нэр дэвших эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорсон төдийгүй сонгуулийн сэтгүүл, сонин хэвлэгдэн иргэдийн гарт ирэх болжээ. Түүнлэн элдэв хурал цуглаан хагас бүтэн сайн өдрүүдэд зохион байгуулагдаж хуучин, шинэ дүрүүд сонгууль угтан гарч ирэх байдал нь олширлоо. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорын тойргоо орхин нийслэлд нэр дэвшихээр яригдаж буй ид үед эл тойрогт нэр дэвших нь тодорхой болсон эрхмүүдийг танилцуулж байна.
Сү.Батболдын баруун гар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
МАН-ын боловсролтой улс төрчдийн нэг, Сү.Батболдын зурснаар улс төрийн карьерт хүрсэн гэх УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар. Тэрбээр УИХ-д Сүхбаатар дүүргээс хоёр дараалан сонгогдсон бөгөөд Гадаад харилцааны яамнаас улс төрийн гараагаа эхэлж байсан. Сонирхуулахад Д.Цогтбаатар өдгөө Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын хууль бус 14 сая долларын хэрэгт нэр холбогдож буй. Тодруулбал 2003-2005 онд Бату майнинг ХХК-д Сү.Батболдын хамт хувь эзэмшиж байсан. Улмаар 2005 онд Сү.Батболдын төлөөний хүн болох Ким Хак Соны гэр бүлд хувиа шилжүүлсэн байдаг.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
Сүүлийн жилүүдэд тасралтгүй карьер нь өсч буй залуу бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал. Д.Цогтбаатарын адил хоёр дараалан сонгогдсон бөгөөд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн даргаас улс төрийн карьераа эхлүүлсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй хэд хэдэн компаний хувьцаа эзэмшигч. Тухайлбал АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Грийн Ланд групп ХХК (2646862) 5000ш хувьцаа 100% эзэмшдэг гэж мэдүүлсэн. Ланд групп ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд үйл ажиллагааны нэг чиглэл нь "Аялал жуулчлал, Амралтын газар" байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна.
Төрийн албыг төрлийн алба болгосон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр болоогүй ч хоёр намаас хамгийн түрүүнд ажлын тайлан гэх халхавчтай сэтгүүлээ Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн орц хонгил бүрт тараалгаад зогсохгүй элдэв санал асуулгууд бөглүүлж яваа нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь хоёр дараалан сонгогдсон бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэл мэдээллийн албаны дарга,Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөс улс төрийн карьераа эхлүүлсэн. Тэрбээр гишүүн байх найман жилийн хугацаандаа төрийн албыг төрлийн алба болгосон баримтыг манай эрэн сурвалжлах баг мэдээлж байлаа.
Хотын хоёрдугаар орлогч дарга О. Номинчимэг
УИХ-ын дарга Г.Занданшатарын НЗДТГ дахь төлөөний хүн гэгддэг хуульч О.Номинчимэг. Тэрбээр 2021-2022 онуудад УИХ-ын Тамгын газар, Тэргүүн дэд дарга, 2022 оноос УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсон. Үндсэндээ УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдлагад 2021 оноос хойш ажиллаж байгаа. Нөхөр Д.Амарбаясгалан нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Тэдний гэр бүл 1.3 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 285 сая төгрөгийн Mercedes Benz S350L, Lexus 570 маркийн хоёр автомашинтай. Нийт 784 сая төгрөгийн хадгаламжтай. “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” ХК, “Мандал даатгал” ХК, “Рио тинто” ХК, “Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХК-д тус тус эзэмшдэг.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг томилж байв. Тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн ажилтнаас улс төрийн карьераа эхлүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон даруйдаа татвар төлөгчдийн мөнгөөр тоглож эхэлсэн. Тухайлбал Хивс, уран зураг, суулт шахалтын иж бүрэн ком, IPAD худалдаж авахад 65.0 сая төгрөг зарцуулсан. Мөн Н.Батсүмбэрэл хуульд зааснаас илүү 1 орлогч, 1 зөвлөх ажиллуулж 33.5 сая төгрөгийн цалин урамшуулал олгож байсан. Үүгээр зогсохгүй гадаад томилолтын 164 сая төгрөг зарцуулахдаа өр төлбөрийн дансаар дамжуулан бүртгэж санхүүгийн зөрчил гаргасан зэргээр албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь баримтаар нотлогддог.
Ардчилсан намаас эл тойрогт нэр дэвших эхний хүн бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц
Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төлөөний хүн гэгддэг ТЕГ-ын дарга асан Б.Хурц. Тэрбээр Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан намтар түүхтэй улс төрийн томоохон тоглогч. Б.Хурц нь Монгол улсын ардчиллын эцэг гэгддэг С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдон 2020 онд ял авч байсан. Тодруулбал тэрбээр Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарын хамт С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт гурван жилийн хорих ял авч , ялыг нээлттэй хорих ангид эдэлсэн. Улмаар түүнд холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгож байв. Үүгээр зогсохгүй Б.Хурц нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байх үедээ нүүрс тээвэр будилуулж байсан баримтыг 2023 оны 12 дугаар сарын “Нүүрсний” сонсголоор ил болгож байсан юм.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төлөөний хүн болох И.Мөнхжаргал нь Өвөрхангай аймгийн ардчилсан залуучуудын холбооны даргаас улс төрд хөл тавьсан. Түүнчлэн 2022 онд зодоон ихтэй байсан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зэрэг нь эл тойрогт нэр дэвшихэд томоохон түлхэц өгсөн гэнэ. И.Мөнхжаргал 2023 онд Ардчилсан намын дэд дарга болж, Лу.Гантөмөрийн багт багтсан.
Ардчилсан намаас төрсөн тэрбумтан засаг дарга Х.Болормаа
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас гаралтай, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нь хүнс-нийтийн хоолны инженер мэргэжилтэй. Ардчилсан нам дахь карьер нь зогсолтгүй өсч буй эмэгтэй төлөөллүүдийн нэг. Тэрбээр нэг тэрбум 800 сая төгрөгний өртөг бүхий үл хөдлөх хөрөнгөтэй, Манзишир хид ХХК, Бат сити ХХК, Даш кредит ХХК, Доргот чандмань ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоонд хувь эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. Сонирхуулахад түүний хөрөнгө орлого ковидын үе буюу 2020 онд 344 сая болж өссөн нь олны анхаарлыг татаж байсан. Түүний гэр бүлийн 344 саяын орлого 2022 онд 430 сая болж өссөн.
Эл тойргийн хамгийн ширүүн өрсөлдөгч гэгдэж буй улс төр судлаач Ц. Баатархүү
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын далбаан дор нэгэн үе мандаж явсан улс төр судлаач Ц.Баатархүү нь 2012 оны НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан, улстөрийн карераа эхлүүлж байлаа. Ингэхдээ тэрбээр өөрийн найз Ж.Энхбатын Чингэлтэй дүүрэгт нэр дэвших мандатыг авч оролцсон гэдэг. Тэрбээр 2012-2013 онд Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор нэг жил ажиллаад тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүлд гологдож Нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Түүнчлэн Ц.Баатархүү МАНАН бүлэглэлд томоохон үүрэг гүйцэтгэж байсан нь 2022 оноос MLC Business School 20к програмист хөтөлбөрийг хэрэгжүүлснээр батлагдсан. Өөрөөр хэлбэл МАН засагласан 8 жилд Ц.Баатархүү MLC Business school дээрээ Монгол Улсын хэмжээнд 20 мянган программист бэлтгэх төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
Хан-Уулын тойргоо орхин, Чингэлтэй Сүхбаатар дүүрэгт нэр дэвших Ч.Өнөрбаяр
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодсон Ардчилсан намын өмнөө барьж буй залуу боловсон хүчний нэг, хууль зүйн ухааны доктор Чадраабалын Өнөрбаяр. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, даргын үүрэг гүйцэтгэгч, дэд даргын албан тушаалаас улс төрийн карьераа эхлүүлсэн. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн зэрэг олон өндөр албан тушаалыг хашиж ирсэн Ч.Өнөрбаярын нийт хөрөнгийн хэмжээ нэг тэрбум хол давсан. Сонирхуулахад тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон түүхтэй.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ