surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭХЭЭР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙНА

ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭХЭЭР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙНА

Монгол төрийн наадмын өнгөнд гүйж, цолонд хүрсэн цолоо баталсан допингтой бөхчүүдийн барилдах эрхийг өнгөрсөн жилүүдэд хассаар ирсэн. Өнгөрсөн наадмын түрүү бөхөөс хориотой бодис илэрснээр допингийн асуудал олны анхааралд өртөв. Түүнчлэн өнгөрсөн намар МОНАДА-гийн эзэн болоод хэд хэдэн багш дасгалжуулагч нарын гэрээс хориотой бодис олдсон зэргээр дуулиан тасраагүй явсаар ирэх наадам болоход гуравхан сар үлджээ. Одоогоос 15 хоногийн өмнө МОНАДА шинжилгээний хариуг сольж байсан зэрэг мэдээлэл цацагдсанаар сүүлийн өдрүүдэд допингтой бөхчүүд нэрээ цэвэрлэж, цолоо буцааж авахаар хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа. Ингэхдээ нутгийн иргэд болон бөх сонирхогчдоор “эрхийг нь сэргээлээ” гэх зэргээр хуурамч мэдээлэл тарааж, гараагүй шийдвэрт яарч байгаа нь анзаарагдсаар л. Сонирхуулахад М.Бадарчийн шүүх хурал энэ сард болно. Түүнчлэн улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Мөнхбаяр, аймгийн арслан Б.Бат-Орших нарын цолыг сэргээх асуудал одоог хүртэл яригдаагүй байгааг холбогдох байгууллагаас бидэнд мэдээллээ.  Тэгвэл тэд яагаад цолоо, барилдах эрхээ сэргээлгэхийг хүсч байгаа вэ? 
МОНАДА 2017 ОНООС ХОЙШ 1700 ГАРУЙ ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ ЦУГЛУУЛЖЭЭ
Ж.Хатанбаатар 2017 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ТББ-ыг байгуулахдаа удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж, хууль бусаар чөлөөлсөн  гэх гомдлыг Авилгатай тэмцэх газар шалгаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарын үсгийн шинжээчийн дүгнэлт гарсан талаарх мэдээлэл сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Уг дүгнэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар зохих шалгалтыг хийж, 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр уг байгууллагатай холбоотой 2017 оноос хойшхи  бүх бүртгэлийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, ТББ-ын нэр сольсон, тэргүүн томилсон, удирдах зөвлөл өөрчилсөн болон допингийн шинжилгээний сорьц цуглуулсан зэрэг бүх үйл ажиллагааг хүчингүй болгосон аж. Дээрх шийдвэрийг шинэ тэргүүн Ц.Уугангэрэл нарын удирдах зөвлөлийн зарим гишүүд эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргажээ. Шүүхийн процесс дээд талдаа 200 хоног үргэлжлэх гэнэ. Тиймээс “МОНАДА”-ийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байгаа. Өөрөөр хэлбэл МОНАДА-ийн үйл ажиллагаа, бүртгэл, шийдвэрийг хүчингүй болговол хамгийн их баярлах хүмүүс нь өнөөх допингтой бөхчүүд. Эрхгүй байгууллага тэдний шинжилгээний сорьцыг цуглуулсан гэж гомдол гарган ялалт байгуулах боломжтой учраас наадмын цол болоод барилдах эрхээ сэргээлгэхээр олон нийтийн сүлжээнд акц өрнүүлж байж болзошгүй гэсэн үг. 
БӨХЧҮҮД ЭРХЭЭ ХҮССЭН Ч Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД ХҮСЭХГҮЙ 
МОНАДА-ийн тухайд хуурамч гарын үсэгний асуудал сөхөгдсөн учир дээр дурдсан шийтгэл хүлээнэ гэсэн зохицуулалт дүрэм, олон улсын стандартад байхгүй. Энэ бол цэвэр тухайн улсын дотоод асуудал. Тиймдээ ч АТГ, улсын бүртгэлийн газар зохих  хууль дүрмийнхээ хүрээнд арга хэмжээ авчээ.

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл /Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох/-ийн 48.2.4. зүйлд  “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, ийм тохиолдолд улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан байна.

Мөн хуулийн 48.3. зүйлд “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн заалт бий. Өмнөх зүйлд заасан зөрчил нотлогдсон бол таван жилээс өмнө гарсан шийдвэр ч байсан цуцалж болно гэсэн үг.

Гуравдугаар сарын 6-нд 8236771 хуулийн регистртэй хуулийн этгээд буюу үндэсний допингийн эсрэг  байгууллагын хэргийг шалгаж дуустал ямар нэг бүртгэл нэмж хасах ажилд хориг  тавьсан шийдвэр гараад буй. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бат-Эрдэнэ сайд нэлээд анхаарал хандуулж , МОНАДА-г хүчинтэй болгох ажлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж яваа. Яагаад гэвэл МОНАДА-гийн гаргасан шийдвэр хүчингүй болвол Олимпизм хариуцсан сайдын ажил салхинд хийснэ гэсэн үг. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1