surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Цагийг эзэлсэн Б. Сарантуяа

Цагийг эзэлсэн Б. Сарантуяа

Би л хувьдаа Б.Сарантуяагийн дуунд дуртай. Тэр хүчирхэг хоолойтойгоос гадна сэтгэл хөдлөлийн темпрамент нь давамгайлсан зуунд төрөх ховор авъяастнуудын нэг билээ. 
Хаврын хөх яргуй дэлгэрсэн үес. Зууны манлай эстрадын дуучин гэж ард олондоо хайрлагдсан Батмөнхийн Сарантуяа 1970.04.20-ны өдрийн даваа гаригт мэндэлсэн.  Дөрөвдүгээр сарын хоринд А. Гитлер, С. Зориг нар мэндэлсэн гээд бодоход тэр өдөр өөрөөр сэтгэгчид, хувьсалчид төрдөг байж мэднэ. Тэгвэл тэрбээр энэ удаагийн тоглолтоо төрсөн өдрөө угтан энэ сарын 19-нд СТО-д хийх гэж байна. Олон жил түүний тайзны дүрийг хараагүй үзэгчдийнхээ өмнө эргэн ирэлт хийж, түмэн олныхоо сэтгэлийг хөглөх нь. 

May be a graphic of 1 person and text
Б. Сарантуяагийн дал, наяад он Монгол Оросын их өв соёлын уулзварт өсч торних нялх балчирын ер бусын жилүүд байлаа. Тэрбээр Якут эхийн орос соёл, ур сэтгэмж, халх аавын Монгол ухаан, уужуу сэтгэлгээний уулзвар зангилааны давтагдашгүй орчинд эрхлэн бага насаа өнгөрөөсөн юм билээ. Түүнчлэн Монхор хамартай болохоор нь “монташка” гэдэг байж. Тэр 23-р дунд сургуулийн Любовь Антоновна хэмээх алтан шаргал үст багштай нэгдүгээр ангид орж, бага ангийн багшийнхаа үлгэр дууриаллаар дууны урлагт хөл тавьсан гэдэг.


Б. Сарантуяа 1994 онд “Сэтгэлийн хөг” нэртэй анхны бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байлаа. “Зүүдний говь” /1993/, “Инээмтгий хүн” /1994/ цомог хэвлэгдэж, Азийн дуу дуулаачдын наадмын мeнгeн медаль /1991/, “Азийн дуу хоолой” наадмын “Гран-при” шагнал /1993/, “Супер стиль” /1994/ наадмын цом хүртсэн зэрэг амжилт нь түүнийг хорин хэдхэн наснаасаа дуучны хувьд ОУ-д хүлээн зөвшөөрөгдөхүйц уран бүтээлч болгосон. Түүний уран бүтээлийн дараагийн шинэ мөчлөг ерээд оны дунд үеэс эхэлсэн гэж хэлж болно. “Аргагүй амраг”/1996/, “Эгэл сэтгэл” /1998/ цомог, “Миний дуу” /1997/ хуурцаг дараалан гарлаа. Тэр бүхэн үзэгчдийн дунд шинэ давалгаа үүсгэдэг байв. “Аргагүй амраг” цомогт “Аргагүй амраг”, “Гоолингоо” дуу орсон нь шуугиан дэгдээж байсан юм билээ. Тэр үед рок поп дууг хотын дуу, монгол дууг хөдөөний дуу гэх туйлшрал уран бүтээлчдийн дунд хүчтэй өрнөж байсан гэдэг. Б. Сарантуяа энэ хоёр дууг хөгжмийн найруулгын цоо шинэ хэв маягаар нээж дуулсанаараа мөнөөх туйлшралд цэг тавьсан гавьяатай.


Хархан багаасаа Б.Сарантуяагийн дууг сонсч өссөн бичээч би бээр шинэ мянганы хүүхэд л дээ. Гэвч Б.Сарантуяагийн дуугүйгээр бага насаа эргэн дурсахад хэцүү. Өвөө минь түүний талаар ихийг мэддэг, улаан фэн нь байсан болохоор ч тэр үү. Би түүний уран бүтээлийг алгасахгүй сонсдог, уулзахыг хүсдэг байв. Арван нэгэн жил битүүхэн шүтэж явсан түүнтэй уулзах хувь нэг л өдөр тохиосон. Түүний нууцлаг, ихэмсэг дүр, өнөөх танил дуу хоолой, асар дулаахан гар одоо ч сэтгэлд ойрхон санагддаг. Би түүний уран бүтээл, ярилцлагуудыг, зургуудийг сонин сэтгүүлээс хайчлан авч цуглуулдаг, тэрийгээ бүр хобби болгосон.  Магадгүй уншигч таны хувьд ч бас цагийг эзэлсэн дуучин Батмөнхийн Сарантуяа байж мэдэх буй за. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1