surag.mn
facebookinstagramtwitteryoutube
4 минут унших

Шилэрсэн засгийн гологдсон зүтгүүр буюу Ш.Раднаасэдийн үнэн дүр

Шилэрсэн засгийн гологдсон зүтгүүр буюу Ш.Раднаасэдийн үнэн дүр

 Хүүдий хүүдийндээ таарсан хуудуутай хударгаар дүүрсэн Монголын парламентийн инээдмийн шоу драм үргэлжилж байна. Эл шоу драмын нэгэн томоохон туслах дүр болох Засагт хааны Ш.Раднаасэд гэж хэн бэ? Хуулийг завхруулж, тонуулчдыг эрхлүүлсэн улс төрийн эл шоунд хөл тавьсан цагаасаа чимээгүйхэн дэвшсэн уг эрхэм нэр цэвэр харагдах ч хөшигний ард бусдынхаа бантанг хутгаж суудаг гал тогооны ажил хийж байна.


   БУЛХАЙГАА НУУЖ,УРГАА ТЭТГЭСЭН Ш.РАДНААСЭД
 Ардын намынхан худалч, хулгайч, авлигачин, албан тушаалын хэрэгтнүүдтэйгээ хатуу тэмцэнэ гэж түмнийхээ түнжинг хагартал хий баахан шуугиулсан. Тэгмэгцээ нэр бүхий бүхий дөрвөн гишүүнээ хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болж, “туг тахих” аядмагцаа ард нь гол дүрүүдээ хамгаалаад үлдсэн. Ингээд хаваржин “хөөсөрсөн” Хөгжлийн банкны хэрэг, хөрөнгөжсөн түшээдийн дуулиан бүр мөсөн мартагдаж орхив. 
         Тэгвэл Ардын нам дотор авлига, албан тушаалын хэрэг ямар хэмжээнд “цэцэглэсэн”-ийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төрд зүтгэсэн 24 жилийн хугацаандаа төрөл, төрөгсдөө хамгийн их “тордсон” түшээ болсон түүх гэрчилнэ.Усны тунгалаг, цагийн сайханд Ш. Раднаасэдийн төрөл, төрөгсдөөс төрд орсон 10 томилгоо. Уг нь Ш.Раднаасэдийн хувьд Ардын намтай амьдралаа холбохоосоо өмнө АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга явлаа. 


Ш.Раднаасэдийн ах дүү, хамаатан садан, худ ургийнхан нь төрд орцгоосон нь:
- Эхнэр Бямбажавын Хонгорзул- Эрүүл мэндийн яаманд хэлтсийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт,     
- Охин Раднаасэдийн Сийлэн-Үндэсний Хөгжлийн газарт мэргэжилтэн
\”Хансутай” ХХК, “Хан-Алтай” ХХК, “Мон-Жаст” ХХК\
- Бөөхүүгийн Осоргарав- “Багануур” ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүн
\”Грант торнтон аудит” ХХК, “Грант торнтон такс” ХХК, “Монкореа инженерин” ХХК, “Жи Ти аутсорсинг ТМЗ” ХХК, “Амблер” ХХК\
- Осоргаравын Гантулга- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төсөв санхүүгийн хэлтсийн дарга, Усны газрын хэлтсийн дарга, 
\“Мон Алтай групп” ХХК
- Осоргаравын Гантулгын эхнэр Очирын Ариунзаяа- Татварын Ерөнхий газрын Улсын байцаагч
 - Осоргаравын Гансүх- Гаалийн Ерөнхий газрын Хэлтсийн дарга
\”Амблер” ХХК, “Мон-Алтай” ХХК\
- Осоргаравын Энхзаяа- Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт Хэлтсийн дарга
- Осоргаравын Идшинринжин- Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо "Грант Торнтон аудит" ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд төрийн байгууллагуудад аудит хийх үйлчилгээ үзүүлдэг.
- Бөөхүүгийн Винтов- Орхон аймгийн Гаалийн газрын дарга, Дорнод аймгийн Гаалийн газрын дарга
\ Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллах хугацаандаа их хэмжээний улаан буудайг зөвшөөрөлгүй хил нэвтрүүлсэн, үүнийгээ нуун дарагдуулахын тулд хуурамч бүрдүүлбэр бүрдүүлсэн хэргээр шүүхэд очсон. “Ингэт чацаргана” ХХК\
- Винтовын Алтансүх- МУИС-ийн Хангамж үйлчилгээний албаны дарга, СБД-ийн ИТХ-д нэр дэвшсэн.
\“Хүчит тээвэр” ХХК болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагватай хамт “Баярлалаа залуусаа” ТББ-ыг эзэмшдэг\
- Хайдавын Чилаажав- МҮОНРТ-ийн УЗ-ийн гишүүн
- Ч.Рагчиймаагийн хүү Ганбатын Батзаяа- СХД-ийн ИТХ-д нэр дэвшсэн. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Тээвэр хөгжлийн банкны дэд захирлаас ажлын гараагаа эхэлсэн. 
\Өмгөөллийн “Заяа энд Золоо зөв ХХН” болон “Химурга” ББСБ тэргүүтэй 10 гаруй компанитай\
- Дүү Ганбатын Мөнхзаяа- Улсын бүртгэлийн Ерөнхий газарт
- Ш. Оюунчимэг- “УБЦТС” ТӨҮГ-ын Хангамж, үйлчилгээний албаны дарга 

  Түүнчлэн, хамаатан садан, ах дүү нараас нь гадна гэвэл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй “Монгол жаст консалтинг” ХХК-ийг 2010 оноос хамтран эзэмшиж ирсэн Эрдэнэбатын Амарбат- Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор болж дэвшсэн. Улсын Ерөнхий прокурорт хүртэл нэр нь яригдаж байсан. 

   МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баярсайхан оймсондоо ам.доллартой баригдах үед ард нь Ш.Раднаасэд байдаг буюу “Аяа” гэж хочилдог тухай дуулиан дэгдэж байсан. Мөн тухайн үед Ш.Раднаасэдийн төрсөн ах гэх Ш.Раднаабазар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон асуудал яригдаж байв. 

Ш.Раднаасэдийн ураг төрлийнхнөөс төрийн өндөр алба хашиж явсан хамгийн том төлөөлөл нь тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан. Б.Ариунсан инженер геологич, эдийн засагч мэргэжилтэй. Тухайн үед ийм хүн тагнуулыг удирдана гэхэд Ардчилсан намынхан төдийгүй Ардын намынхан ч гайхаж байлаа. Гагцхүү нам доторх “Алтангадас” фракц нь  итгэлтэй бөгөөд энэ албан тушаалыг заавал авах гэж зүтгэсээр байв. 
мэргэжлээрээ тагнуулд тохирохгүй хүн хоёрхон сарын дараа “мэргэжилтэн” нь болоод эргэн ирэв. Юун дэд дарга. Тагнуулын ерөнхий газрын даргаар очлоо. 2013 оны гуравдугаар сарын 19-нд тухайн үийн Ерөнхий сайд захирамжаа цуцалж Б.Ариунсанг ажилгүй болгосон ч тавдугаар сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар  Тагнуулын ерөнхий газрын даргаар томилуулж чадлаа. Үндсэн хуулийг уландаа гишгэдэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  болоод Ардчилсан намын “Алтангадас” фракц, түүний Б.Ариунсан энэ албан тушаалыг ингэж эзэлсэн юм. Тэрээр Н.Алтанхуягийн ойрын хамсаатан бөгөөд намынх нь ерөнхий санхүүжүүлэгчдийн нэг гэдэг. Ардчилсан намыг Засагт ажиллах бүрт өндөр албан тушаалыг түүнд өгдөг байв. Тэрээр тагнуулд очихоосоо өмнө Улсын нийгмийн халамжийн газарт газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд сайдаар ажиллаж байсан. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх  хорооны гишүүн. УИХ-ын 2012 оны сонгуулиар төрөлх нутаг Говь-Алтай аймагтаа нэр дэвшээд Ардын намын Ц.Дашдоржид ялагдсан юм.

Б.Ариунсан  2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд байхдаа шатахууны үнэ хөөрөгдсөн буруутан болж байв. Түүнийг шатахуун импортлогч компаниудын эздэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эрхийг өгсөн  гэсэн асуудлыг УИХ хүртэл хэлэлцэж, гишүүдээс бангаа хүртэж байв. Энэ мэтчилэн Б.Ариунсанг тойрсон элдэв зүйл олон. Ийм л хүн Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллагыг удирдаж суусан юм. 

Ардчилсан нам Засгийн эрхийг барихад Тагнуулын ерөнхий газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга болж гол, гол албан тушаалд суусан  Б.Ариунсан бол  УИХ гишүүн Раднаасэдийн гол өрсөлдөгч мэт харагддаг ч удам судар нэгтэй хамаатнууд ажээ.  Б. Ариунсанг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд дурдагдаж байсныг Монголчууд төдийлөн мэдэхгүй. Тэгвэл эх сурвалжуудын хэлж буйгаар Дубайн гэрээнд холбоотой гэнэ.  Оюутолгойн гэрээг анх зурагдаж байхад Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан.  Харин Б.Ариунсаны хувьд гарын үсэг зураагүй ч гэрээг сайн мэдэх, гар бие оролцсон хүн юм. Хожим Дубайн гэрээ байгуулах үед тэрбээр Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Н.Алтанхуягийг огцорсны дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг багаа бүрдүүлэх үедээ 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаас чөлөөлөөд Татварын ерөнхий газрын дарга болгосон байдаг. Тухайн үед  Оюутолгойн гэрээний үед нэг танхимд багтаж, бас Алтангадас хэмээх нэг фракцад байсан С.Баярцогт л түүнийг Татварын ерөнхий газрын даргаар томиллоо гэж олон нийт ярьж байв. Үүнээс гадна Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болохоос өмнө сөхөгдөж байсан Оюутолгойн 100 гаруй сая долларын татварын өрийн асуудал түүнийг томилогдсоноос хойш нам дарагдсан. Тодруулбал, 100 гаруй сая доллараас буусаар 30 сая долларын өр болсон ч Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болсны дараа чимээ сураггүй болсон хэмээн зарим улс төрчид тухайн үедээ шүүмжилж байв. 
Ингэж л халуун ураг, халуун бүлээрээ төрийн эрх мэдлийг эзэмшиж, цаашлаад тонох гэмт хэрэг үйлдсэн байх магадлал өндө,р байна.  Раднаасэдийн ургийн модыг нягтруулан судалж, тэдэнтэй холбоотой ноцтой баримтыг дараа дэлгэх болно. Харин Одоо Раднаасэдийн нууц биш паянгууд, мөн түүний нуун дарагдуулсан байж болох баримтуудыг дэлгэе
2. НЭРЭЭ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД МАЛТЛАГА ХИЙСЭН Ш.РАДНААСЭД
Ш.Раднаасэдийн тухайд хууль тогтоох дээд байгууллагад хоёр дахь удаагаа сонгогдсон. Олны анхааралд өртөж, хэл ам тариад  байдаггүй ч хуулийн цоорхой ашиглан цаагуураа чимээгүй “хор” найруулчихдаг хэмээн намынх нь нөхөд ярьдаг. Хамгийн сүүлийн тод жишээ нь Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Эрүүгийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд будлиан оруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэгдэж буй. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар Үндсэн хууль зөрчсөн хууль батлуулчхаад бие бие рүүгээ асуудлыг бухаж, олонхиор хамгаалуулж байгааг учир мэдэх хуульчид сануулж байлаа.
ТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн “Рапи”-д хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20 мянган юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг.
“Оймс” Н.Баярсайханы авлигын дуулиан ид дэгдэх үеэр “Тэрбээр албан тушаалаа ашиглаж авсан хахууль болгоноосоо Ааяад тэдэн төгрөг өгсөн гэж тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг байсан тэмдэглэл олдсон. Ш.Раднаасэдийг Ааяа гэж дууддаг” гэх зэргээр батлагдсан. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Н.Баярсайханы их сургуулийн нэг ангийн найз, бөгөөд анх Мэргэжлийн хяналтад оруулахад нөлөөлсөн хүн нь гэдэг нь ил болсон.
Харин Э.Аззаяа нь Ш.Раднаасэдийн удирдлага дор ажиллаж байсан. Улмаар гуйлга гуйж очсон хүмүүсийг “Э.Аззаяатай уулз” хэмээн уулзуулдаг байсан бөгөөд гол холбоосыг нь Э.Аззаяа хийдэг байсан гэх яриа байдаг. 
Д.Төмөрбаатар гэх этгээд түүнд 60 гаруй удаагийн үйлдлээр 330 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн  байдаг. Монголын хууль хяналтынхан анх удаагаа авлигын 20 гаруй холбогдогчтой гэмт хэргийн сүлжээг ингэж илрүүлсэн түүхтэй. Олон хавтаст хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн. Хэргийг шалгаж байгаа АТГ-ынхан дээрх хэрэг дээр ихэд няхуур хандаж, авлигын удаа дараагийн үйлдэлтэй хэргүүдийг хөдлөшгүй баримтаар тогтоож байгаа гээд л олон нийтэд мэдэгдэж байлаа. Гэхдээ АТГ-ынхан энэ хэрэг дээр мэргэжлийн ур чадвар гаргаж шударга ажиллаж чадаагүй гэдгийг шуудхан хэлмээр байна. Үнэндээ Н.Баярсайханы ард нуугдаж байгаа нууц ноёнтонг илрүүлж чадаагүй. Тухайлбал Н.Баярсайханд 60 гаруй удаагийн үйлдлээр 300 сая төгрөг өгсөн Д.Төмөрбаатар гэж хэн бэ? Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын холбогдсон хэргийн хөшигний ард Ш.Раднаасэдийн хамт чимээгүйхэн үлдэж, дуулианыг нам дарагдуулсан нэгэн бол МХЕГ-ын дарга Д.Цагаанхүү.

Д.Цагаанхүү нь 1 тэрбум гаруй төгрөгийн авлига авсан оймсчдыг шууд удирдлагаар хангаж байсан. Тэдний авлига авах замаар олгож байсан зөвшөөрлүүдэд эцсийн байдлаар гарын үсэг байсан хэдий ч хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдсэн нь анхаарал татдаг. Тэрбээр  оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан нэгэн юм.
Хөрөнгө оруулалт: Тоорой оточ ХХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Цагааннуур ХХК, Цагааннуур ХХК хөрөнгө оруулалт хийж түүнчлэн хувьцаа эзэмшдэг.

3. Ш.РАДНААСЭД НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХӨТЛӨГДСӨН  ЖИМ. БИШ ЭЭ ХӨТӨЛСӨН ЖИМ
Ш.Раднаасэд энэ парламентад Ж.Мөнхбат гишүүнтэй ойр дотно гэгддэг. Эрхэм гишүүдийн ашиг сонирхол нэгддэг байж болох газар нь “Эрдэнэс Тавантолгой”. Энэ тухай лавшруулан хөвөрдвөл, тэдний нөхөрлөлийн цаад учир, Ш.Раднаасэдийн нүүрсний хулгайд зарлагдсан шалтгааны эхлэл нь Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд дээр огтлолцоно. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилуулж байсан. Д.Ариунболд нь Ш.Раднаасэдтэй нэг нутаг. 
Түүнчлэн Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар хамтран Говь-Алтай аймгийн нисэх орчимд 10 га газарт худалдааны төв бариулахаар ажлыг нь эхлүүлсэн байдаг. Уг газрыг нь Ш.Раднаасэдтэй ойрын харилцаатай, тус аймгийн засаг дарга асан Л.Гансэлэм олгосон байдаг аж. Гэтэл Д.Ариунболд тус худалдааны төвд 2 тэрбум төгрөг оруулсан бөгөөд эдүгээ 1 тэрбум орчмоор зарах хүсэлтэй байгаа гэнэ. Хуулийнхан эл барилгад оруулсан мөнгөний эх үүсвэрийг мөн л олоогүй гэгддэг нь анхаарал татав.


Д.Ариунболдыг 2020 оны хавар саатуулагдаж, хэргийн мөрдөн байцаалт явуулах үед иргэн Т гэх залуу "Би Ш.Раднаасэдэд Зайсан дахь 115-р сургуулийн ойролцоо мөнгө аваачиж өгч байсан" гэж мэдүүлсэн гэгддэг. Эх сурвалжуудын мэдээллээр Ш.Раднаасэд нэгэн үе 115 дугаар сургуулийн хажуу талын байранд амьдардаг байжээ.

Түүнчлэн, Ш.Раднаасэд Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2016-2018 онд Говь-Алтай аймаг руу байнга дагуулж явж, хамтдаа бэлэг тараадаг байсан нь гэрэл зургаар баримт болж үлджээ.  Өөрөөр бол, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд Ш.Раднаасэдийн тойргоо “услах” санхүүжүүлэгч байсан буюу тэд “Нүүрсний хулгай”-н мөнгөнийхөө багахан хэсгээр Говь-Алтай аймгийн иргэдэд хандив тусламж үзүүлж, гарын бэлэг гардуулж, албан байгууллагуудад автомашин бэлэглэх гэх мэтээр “нүгэл”-ээ нимгэлж байсан гэх магадлал бүхий баримтууд байна.  Түүнчлэн яг мөрдөн байцаалтын шатанд Д.Ариунболдтой нийлж, Говь-Алтай аймгаар дараах эд зүйлсийг тарааж явсан.


Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “УАЗ-Пургон” автомашин, 5 ширхэг Японы “Suzuki” мотоцикл, “Приүс-30” автомашин,
Говь-Алтай аймгийн III сургуулийн тусгай хэрэгцээт ангийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл,
Баян-Уул, Халиун, Жаргалан, Тайшир, Төгрөг, Есөнбулаг, Шарга, Хөх морьт сумдын малчдад өвс, тэжээл, дулаан хувцас болон мөнгөн тусламж,
Говь-Алтай аймгийн 70 настай 1449 ахмад настанд гарын бэлэг,
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Төгрөг, Шарга сумын эрүүл мэндийн төвүүдэд “УАЗ-Пургон” автомашин бэлэглэжээ.


 Өөр бас нэгэн сэжүүр нь Ш.Раднаасэд нүүрсний хулгайд хамт нэр нь зарлагдсан УИХ гишүүн Н.Наранбаатартай нэр холбогдож байна.Учир нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Ш.Раднаасэдийн Сонгуулийн ерөнхий менежерээр МУИС-ийн захирал асан Ядмаагийн Төмөрбаатар ажилласан байдаг. Я.Төмөрбаатар, Ш.Раднаасэд нарын хувьд эртнээс тун ойр холбоотой байж ирсэн бөгөөд жишээ нь, Я.Төмөрбаатар 2017 он хүртэл Ш.Раднаасэдийн эхнэр Б.Хонгорзулын “Хан сутай” ХХК-ийн хувь эзэмшигч байсан байгаа юм. Тэгвэл Ш.Раднаасэдийн Ерөнхий менежерээр ажиллаж, эхнэрийнх нь компанид хувь эзэмшиж ирсэн Я.Төмөрбаатар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын “НИК” ХХК-д мөн хувь эзэмшиж байна. 
Сонирхуулахад, 2020 онд сонгуулиар Ш.Раднаасэдийн Ерөнхий менежерээр ажилласан Я.Төмөрбаатар сонгуулиас сар гаруйхны дараа буюу 2020 оны наймдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон байдаг. 
4. САЙНУУ Ш. РАДНААСЭД, БАЙНАА Ц.АНАНДБАЗАР
Учир битүүлэг олон зангилааг тайлах түлхүүр З.Энхболд, Анандбазар нарын утсан сүлжээ. З.Энхболдын сураг яагаад байнга Ц.Анандбазарын Бага тэнгэр хавиас дуулддаг болов. Энэ хоёр эрхмийг “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гарцаагүй холбогдож таарч байгааг нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн хар мөр, хүйтэн сэжмээр баталж байгаа. Тиймээс ч тэдний нэрсийг хамт зарласан биз.  
Тэгвэл одоо та бүхэнд Ц.Анандбазар Ш.Раднаасэд нар хамтарч Арцатын аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж байж болзошгүй маш ноцтой баримтыг дэлгэж байна. 
 УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай, тэр тусмаа нүүрсний хулгайтай нэр холбогдож байгаа нь анхны удаагийнх биш. Түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д томилгоо хийдэг, нүүрсний квот гаргаж хувь хүртдэг, тэр байтугай “нүүрсний амтай” гэх мэдээллүүд ч нэг биш удаа гарч байлаа. Сүүлд, 2020 оны тавдугаар сард “Улсын ерөнхий прокуророос “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд гурвын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж болзошгүй байна” гэх мэдээлэл цацагдаж байлаа. Улмаар тэр даруйд нь АТГ-аас тайлбар хийж “Үндэслэлгүй мэдээлэл” гэж няцааж байсан юм. Харин хоёр жилийн дараа АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж эхэлснээ ийнхүү албан ёсоор зарлалаа. АТГ-т хэлтсийн дарга явсан Ш.Раднаасэд 13 жилийн дараа өөрөө дуудагдсан нь шударга үнэний тод жишээ болов.
     Тэгвэл АТГ-аас Ш.Раднаасэдийн нэрийг зарласны цаана авлига, албан тушаалын ноцтой хэрэг байж болзошгүй мэдээлэл байна. Бидний олсон мэдээллээр Ш.Раднаасэдийн хамаарал бүхий этгээдүүд нь Дархан цаазат Богдхан уулын Арцатын аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа ажээ. Тодруулбал, Ш.Раднаасэдийн хамаарал бүхий этгээд буюу ЖДҮ-гийн дуулианаар олон танигдсан эгч Ч.Рагчиймаа гэж бий. Тэгвэл түүний нөхөр Пүрэвдоржийн Ганбат нь Нямаагийн Бямбажавтай хамтран “Энержи минерал интернэйшнл” ХХК-ийг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь П.Ганбатын хүү Г.Элбэгзаяа ажилладаг ажээ.


Хамгийн ноцтой нь, “Энержи минерал интернэйшнл” ХХК-ийг хамтран эзэмшигч Нямаагийн Бямбажав нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эхнэр, "Мон-аналитик" ХХК, "Сод Солонго" ХХК-ийн захирал  Нямаагийн Бямбажавын овог, нэртэй таарч байгаа юм. Ц.Анандбазар, Ш.Раднаасэд хоёрын хувьд Н.Энхбаяраар улс төрд хөтлүүлсэн, нэг угшилтай гэгддэг. Тодруулбал, Ц.Анандбазар ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Соёлын сайд байхад туслах, зөвлөх нь байсан. Харин Н.Энхбаярын Ерөнхийлөгч байхад Ш.Раднаасэд туслах, зөвлөх нь байлаа.


“Энержи минерал интернэйшнл” ХХК нь 2020 оноос ХУД-ийн 4-р хороо, Богдхан уулын Арцатын аманд 16 давхар, 2 блок бүхий “Energy residence” гэх 122 айлын тансаг зэрэглэлийн хотхон барьж эхэлжээ. Тус хотхоныг борлуулалт өнгөрсөн долдугаар сард дууссан байна. 
Энэ бол “Нүүрний хулгай”-н хэрэгт нэр цохогдож, АТГ-т шалгагдаж буй албан тушаалтнууд яг адилхан технологиор хулгайн мөнгөө угаасан нь эхнээсээ илчлэгдэж байгаа юм. Жишээ нь АТГ-аас “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэрийг нь зарласан Ардын намынхнаас Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд “Бага тэнгэр сити” хаус хотхон, Х.Мандахбаяр Сэлбийн аманд “Гранд маршал” хаус хотхон барьсан зэргээр цааш үргэлжилж байна.

5. МААПААН ДУУСААГҮЙ ЭЭ ХӨ. МАХ БАЙНА АА ДАА
Раднаасэдийн Хил дамнасан наймаанд нэр холбогдсон өөр нэг хэргийн сэжүүр бидэнд байна. Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт /2022.06.03/ хийсэн. Уг нэгжлэгийн үеэр 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавин битүүмжилсэн. Лац тавиулж битүүмжлэгдсэн 20 аж ахуйн эздийн нэрс зарлагдсан. Тэдгээрээс нь 10 гаруй ААН-ийн эзэд нь БНХАУ-ын иргэн байгаа юм.Харин үлдсэн ААН-үүдийн зарим нь шууд бус байдлаар БНХАУ-ын иргэдийн оролцоотой нь харагдав.

"Монгол эко мах" ХХК  компаний гүйцэтгэх захирлаар М.Цагаанбаатар ажилладаг. Харин хувь эзэмшигч Халх гол агро инвест ХХК-ийн захирлаар Zhao Jun Ming байна
2. "Натурал грийн фүүдс захирал" ХХК Xxx Seriguleng 
3. "Цан сан тиан ийн" ХХК-ийн захирлаар Mai Heping
4. "Үүлэнгөү" ХХК-ийн захирал Xxx Seriguleng
5. "Жэй Икс Си Эс" ХХК-ийн гүйцэтгэх захирал   Zhao Hairong
6. "Мон грийн хас" ХХК-ийн захирал Liu, Xiaolong
 7. "Өргөө Мийт трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ren Li /гарал үүсэл нь тодорхойгүй 8 тонн махыг Улаанбаатар руу оруулахаар завдсан хэргээр саатуулагдаад буй/
8. "Эм Ди Си Пи" ХХК
9. "Дун Фан Интернэйшнл Трейд"-ын гүйцэтгэгч компани болох Эмээлт шинэ мах ХХК-ийн захирал Д.Баасанхүү  
10. "БӨЖТ" ХХК-ийн захирал Дааданхүүгийн Байгалмаа
11. "Цэлмэг Онгод" ХХК-ийн захирал Б.Гансэлэм,
12. "Тэлмүүн-Ану" ХХК-ийн захирал Б.Мөнхжаргал
13. Саян Уул" ХХК
14. "Тэнүүнхүсэл" ХХК-ийн захирал Ж. Бөхбямба
15. “Оргилан гүн" ХХК opendatalab.mn сайтаас ийм нэртэй илэрц гарч ирсэнгүй. Харин мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, гадаад худалдаа эрхэлдэг “Оргилон гүн” ХХК гэсэн илэрц гарч ирж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Х.Чулуунцэцэг ажилладаг юм байна.
16. "Язгууртны ЭКО Хүнс" ХХК-ийн Ц.Энхтуяа,
17. "Шилүүстсүмбэр" ХХК-ийн захирлаар  М.Ариунболд нар тус тус ажилладаг.
18. "Эс Эс Си Монголианфүүдс" ХХК
19. "ГПДС" ХХК
20. "Актай Фүүдстафф" ХХК

Эдгээрээс Раднаасэдтэй нэр холбогдох компаний эзэн нь"Монгол эко мах" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цагаанбаатар. Түүний хувьд  Алтайнхөх сэрх, Тарлан хайрхан трейдинг, Шимт өгөөж трейд ХХК гэдэг гурван компаний захирал юм байна. "Монгол эко мах" ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 19-нд мах экспортлох эрхийн гэрчилгээг нь МХЕГ–ын дарга асан /одоо УИХ-ын гишүүн/  Ш.Раднаасэд гардуулж байсан гэх мэдээллийг SOLONGONEWS.MN сайт нийтэлж байжээ. Эл мэдээллийг нэхэн судалтал  "Монгол эко мах" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цагаанбаатар нь Говь-Алтай аймгийн иргэн бөгөөд 2019 онд авилга авсан хэрэгт буруутгагдаж байсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяад авлигал өгсөн хэргээр шууд холбогдож байгаа юм. Аззаяагийн авлигалын хар мөр Раднаасэд рүү хөтөлдөг. Раднаасэдийн чимээгүй нүгэл Аззаяагаар дамждаг нь ахин батлагдаж байгаа нь энэ.

6.  Ш.РАДНААСЭДИЙН НУУЦЫН НУУЦ ДАХЬ БАРИМТ 
ЖДҮХС-ИЙН МӨНГӨӨР ДУРГИСАН НЬ ҮНЭН
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гэх гурван компани 2018 оны хаврын сонгон шалгаруулалтаар орж, төсөл нь шалгараад ЖДҮХС-гаас тус бүр 1.6 тэрбум төгрөг авсан байна. Тодруулбал ЖДҮХС-гийн Төрийн банк дахь данснаас 2018 оны зургадугаар сарын 21-нд “Гэрдсараа” ХХК-д 1.6 тэрбум, 29-нд “Сэлши үүр “ХХК-д 1.6 тэрбум, “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.
Тухайн оныхоо намар буюу 2018 оны аравдугаар сарын 9-нд “Гэга” ХХК руу ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 500 сая төгрөг шилжүүлжээ. Харин “Алиман төгс буян” ХХК руу хэдэн төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн нь тодорхой бус байна.  Ийн ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн “цээж”-ний хэдэн хүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болж таарав. Гэвч төд удалгүй мартагдсан. Нотлох баримтууд мөн устгагдсан байна. 
 Л.Энхболдын шүгэл Д.Ариунболд руу, Д.Ариунболдын дуулиан Ш.Раднаасэд рүү жим татав.
Анх 2010-2011 онд 379 мянган тонн нүүрс хулгайлагдсан асуудлыг Гаалийн ерөнхий газрын харьяа давхар хяналтын хэлтсийн байцаагч нар болон ЦЕГ-ын Эдийн засагтай тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн. 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж сууриа тавьж байсан, 2011 онд дөнгөж хөрс хуулалт эхэлж байх үед “Энержи Ресурс” ажлаа эхэлсэн. Орон нутгийн "Тавантолгой"-гоос алдагдсан 379 мянган тонн нүүрсний асуудал бүгд тодорхой байсан. Гэтэл тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэн нэгэн хариуцлага хүлээх боломжгүй болж мартагдсан байна. Энэ сэжүүрийг нэхэн судалвал:
Хил хамгаалах ерөнхий газрын тухайн үеийн Ажлын хэсгийн дүгнэлтээр 2013-2017 оны бүртгэлийг шалгаж үзэхэд 849 мянган машин хилээр гарсан нь бүртгэгджээ. Гэтэл Гаалийн газрын бүртгэлд 815 мянган машин ямар нэгэн ачаа бараатай гарчээ гэж бүртгэгдсэн. Дээрх хоёр бүртгэлээс өрүү 34 мянган машин илэрлээ. Хэрвээ хоосон гэж бүртгэсэн бол 100 тонноор тооцоход 3.4 сая тонн нүүрс алдагдсан байх нөхцөл үүсч байгаа юм. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ариунболд, орон нутгийн "Тавантолгой"-н захирал нь Р.Сэддорж байсан.
Эндээс Ш.Раднаасэд Д.Ариунболд хоёр нүүрсний хулгайд хоёр дахиа сэжиглэгдсэнийг хөөн шалгавал  2016-2018 онуудад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан тухай дуулиан дэгдэж байсан үе рүү сэжүүрийг хөтөлж байгаа юм. 2020 онд хууль хяналтынхан Д.Ариунболдыг саатуулсан нь энэ хэрэгтэй холбоотой юу гэдэг хардлага таамаг ч хэвлэлүүдэд гаарч байлаа. Өнгөрсөн үйл явдлуудын зураглал, учир холбоосыг ийнхүү хөөж үзвэл АТГ-т УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой баримт дөнгөж саяхан биш, аль эрт цугларсан юм биш биз гэж таамаглах үндэслэл байна. Түүнчлэн 2017 оны 5 дугаар сарын 23 - 6 дугаар сарын 23-ны хооронд “Хуа Лин Тинь жи” компани нүүрсийг сэм зөөсөн хэмээн УИХ гишүүн асан Л. Энхболд анх шүгэл үлээж байв. Хуа Лин Тинь Жи компаний талаархи мэдээлэл хомс хэдий ч Ш.Раднаасэд гишүүн Д. Ариунболд нарын тус компанитай хамтран ажилласан цаашлаад тус компани дахь байр суурь, эрх ямбаны  баримтыг дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх болно. 
7. Ш. РАДНААСЭДЭЭС ТАТСАН ХУЛГАЙН ЖИМ Т.АЮУРСАЙХНААР ҮРГЭЛЖИЛЖ, МАН ХУЛГАЙЧДЫН НАМ БОЛОХ МАГАДЛАЛ
Тавантолгойн нүүрсийг алдагдал болгож, 20 жилийн турш далд эдийн засаг руу урсгасан явдал бол төмөр замын маапаан. Тавантолгойн нүүрсний ашгийг урсгаад байдаг бас нэг ноцтой суваг бий. Тэр нь, гэрээ байгуулахдаа тонн тутмаас 1-1.5 орчим ам.доллар унагадаг дарга нарын бизнес юм. Албан тушаалтай хамт ачигдаж орж ирдэг тэр их мөнгийг манай дарга нар мөн ч олон жил цүнхэлж байгаа.
 

Хэнээс зөвшөөрөл авч байж төсвөө зарцуулж байх вэ?Улстөржихгүйгээр хурдаа нэмж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийн удирдлагыг өөрөө сонгох эрх Д.Сумъяабазар сайдад нь байгаа юм уу. Бас л намын даргаасаа, генсекээсээ зөвшөөрөл аваад брэндээр гоёж тансаглал хүссэн “тавиулууд”-тай ажиллах болж байна уу? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн удирдлагууд гар нийлж ажиллаж чадах уу? Эдгээр асуултын хариулт бол Офтэйк гэрээ.


ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулаад байсан нийт 9 оффтейк гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Хэдийгээр Засгийн газраас нэр бүхий 9 оффтейк гэрээг ил болгож, ААН-үүдийн нэрс, гэрээлсэн нөхцөл тодорхой болсон ч үүний цаана хэд хэдэн гэрээ нууцаас гаралгүй үлдээд байна. Тухайлбал, БНХАУ-ын “Glory town holdingslimited” /Norinco/ компанийн байгуулсан оффтейк гэрээ нууц хэвээрээ үлдээд байгаа юм. Албан мэдээллээс харвал БНХАУ-ын “Норинко” компани нь одоог хүртэл зэвсэг үйлдвэрлэдэг гэх мэдээлэл байгаа юм. Тавантолгойгоос нүүрсээр гэрээлсэн энэ компанийн гэрээг Хотын дарга Д.Сумъяабазар уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байхдаа байгуулсан байх магадлал өндөр байна.  2022 онд "Norinco International Cooperation Ltd болон Glory Town Holdings Limited-тэй 5,920,000 тонн нүүрсний гэрээ байгуулжээ.Энэ сэжим явсаар Аюурсайхан гишүүнтэй нэр холбогдох магадлал өндөр байгаа нь  Раднаасэдийн “Ганхуяг бол Аюурсайханы хүн, Жинхэнэ хулгайчаа хай” гэсэн мэдэгдлийн хамт асар том сэжүүрийг бидний сонорт хүргэжээ. 
АТГ-аас эхний ээлжид Ардын намынхнаас Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн нарыг цохож нэрлэсэн. Гэтэл тэд “Би мэдэхгүй, би бурхны шашинтай, би гомдолтой байна, би хулгайч биш” гэж мэлцэж, мэтгэж гүрийсээр байгаа. Тэдний араас С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар нарын нэрс тодорчихсон байгаа гэх.
Оюу толгойн луйвар, Эрдэнэтийн 49, Жаст-Стандарт банк, Салхит, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөг, хууль шүүхийн мафи, улс төр-бизнесийн бүлэглэл, тэгээд тавантолгойн хулгай гээд одоогийн засгийн газарт хуруу дүрээгүй, хошуу дэвсээгүй зүйл үлдсэнгүй. Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны хэргээ МАН дахиад л хав дарж, ЖДҮ, 60 тэрбумын хэрэг шиг ээ хаацайлаад л өнгрөх хуучин системтэйгээ зэвэрч сууна уу? 


 Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын холбоо хамаарал бүхий илүү том ноцтой баримтыг дараагийн дугаараас...
 

А.Само

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1