surag.mn
facebookinstagramtwitteryoutube
2 минут унших

ДАВСТАЙ ЧИХЭР : Ажлын байрандаа архидан согтуурсан ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалангийн хамаарал бүхий эрхмүүд

ДАВСТАЙ ЧИХЭР : Ажлын байрандаа архидан согтуурсан ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалангийн хамаарал бүхий эрхмүүд

Ажлын байран дээрээ архидан согтуурч танхайрагсадын цуваа ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалангаар үргэлжилж байна. Тэрбээр 2019 оны 06 дугаар сарын 06-наас УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын санал болгосноор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон. Тэгвэл ҮХЦ-ийн тооноор орж томилогдсон Г.Баясгалан гэж хэн бэ? 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг 30 гаруй жил хашиж байгаа Г. Баясгалан тийм ч нэр цэвэр, мөр дардан албан хаагч биш билээ. 

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 онд түүний төрсөн хүү Б.Дэлгэрсайхан Малайзын нэгэн сургуульд суралцдаг байхдаа Малайзаас БНХАУ-руу явах замдаа их хэмжээний хар тамхи зөөвөрлөж байгаад хил дээр баригдсан. Хар тамхины хэргээр цаазын ялтай урд хөршид Б.Дэлгэрсайхан нь ял эдэлж байгаад ялтан солилцох гэрээгээр Монголд ирээд суллагдсан байж болзошгүй талаар дуулиан гараад төдөлгүй сураг тасарсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нь өөрийнхөө төрсөн хүүг хатуу ялын бодлоготой харийн шоронгоос Монголд авчирч сулласан байж болзошгүй гэсэн үг. Хачирлавал даргын хүү ногоон гэрлээр ялтан солилцох гэрээгээр ирээд суллагдснаас найман жилийн дараа эцэг нь ҮХЦ-ийн гишүүнээр томилогджээ. 
Асуудал үүгээр төгссөнгүй . 2013 онд Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан Төрийн банкны ТУЗ-ийн зургаан гишүүний нэгээр мөн ажиллаж байх үедээ Төрийн банкнаас нийт хоёр тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Тодруулбал, Хууль зүйн яамны ТНБД асан, одоогийн ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга асан Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга асан Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарын хамтаар тус бүр 90 сая төгрөг шамшигдуулсан  хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан. Сонирхуулахад нэр дурдсан ТУЗ-ийн гишүүд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах, дүү нартаа зургаан хувийн хүүтэй орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг өөрсдөдөө урамшуулал нэрээр олгож, завшсан байж болзошгүй хэргийг Төрийн банкинд хийсэн санхүүгийн шалгалтаар илрүүлсэн байдаг. Гэвч харамсалтай нь Г.Баясгаланг шалгах бус эрх мэдэл, албан тушаалаар шагнаж явсаар 2024 онтой золголоо. 
Сонирхуулахад ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Ж.Хунантай хамтран Партнерсфоревер ХХК-ийг эзэмшдэг.

 Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж. Хунан, Г.Баясгалан нарын холбоо хамаарлыг цааш нэхэн судалбал тэд хамтран Эрх Зүйн Сургалт, Судалгааны Хүрээлэнг байгуулжээ. Ж.Хунан, Г.Баясгалан нар Д.Дүгэржав, Ж.Майзориг нартай хамтран Ди Ди лекс гэх мэдээлэл технологийн аюулгүй байдлын чиглэлээр зөвлөгөө өгдөг, гадаад худалдаа эрхэлдэг компанийг үүсгэн байгуулжээ.

Сонирхолтой нь ДиДи лекс компани  Хуульч, хуулийн фирмийн менежментийн цогц үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө компани ажээ. Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн гишүүн хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг компани ажиллуулж буй нь анхаарал татахуйц ноцтой үйлдэл юм. Хачирлавал ДиДи Лекс компаний өмгөөлж буй хэргийг Г. Баясгалан өөрт ашигтайгаар эцэслэн шийдвэрлэдэг байж болзошгүй гэсэн үг. 
Иймээс бид Г.Баясгалангийн хамаарал бүхий ДиДи лекс компаний өмгөөллөөр ажилласан хэргүүдийг нэхэн сурвалжилтал Ди Ди Лекс компаний хувь эзэмшигч Даш-Онолтын Дүгэржав нь 2006 оны 01 сарын 25 өдрийн 10 дугаар тогтоолоор тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийн тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилогдож байжээ. Харин Г.Баясгалангийн өөр нэг хамтрагч Жанчивдоржийн Майзориг нь МАХН-ын дарга С.Удвалын хүү болж таарав. Тохиолдлын гэхэд дэндүү санамсаргүй тохиолдол байж таарсан уу?

Жанчивдоржийн Майзориг нь  Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгатай Төмөр замын хэргээр нэр холбогдож байна. Тодруулбал ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалангийн хуулийн компаний хамтран эзэмшигч Ж.Майзориг нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяад давуу эрх олгон "Самсунг СТ" компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендэргүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаасан гэх хэрэгт Ж.Майзориг холбоотой ажиллаж байжээ. Уг төмөр замын гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн.  Төмөр замын энэхүү луйврын хэрэгт тухайн үед 2013 оны 5-р сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий хоёр компанийн түншлэлтэй байгуулсны нэг нь хуулийн компанийн захирал, одоогийн ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалангийн ойрын хүн болох Ж.Майзориг юм. 


Өөрөөр хэлбэл Ж.Майзориг, Д.Дүгэржав нарын өмгөөлж буй хэргийг эцэслэн шийдвэрлэгч нь ҮХЦ-д ажиллаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж болзошгүй гэсэн үг. Сонирхуулахад Ж.Майзориг, Д.Дүгэржав болоод ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан нарын хамаарал бүхий хэд хэдэн хуулийн компани нь Төр, хувийн хэвшлийн түншлэл /PPP/ ба Төслийн санхүүжилт, Дэд бүтэц, Маргаан хянан шийдвэрлэх болон Олон улсын арбитрын салбаруудыг ахалж ажилладаг. 
Ийм л нөхөд амаараа хууль ярьж, улс төрчидтэй ойр нөхөрлөж, ҮХЦ-ийн хойморт заларсан байж болзошгүй хэмээн хардах, мэдэх эрхийн хүрээнд зарим ноцтой мэдээллийг тоймлон хүргэлээ. 


   

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1