surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сергей Безруков : Хэн ч танихгүй Безруковыг хэн нэгэн болгосонд баярлалаа

Сергей Безруков : Хэн ч танихгүй Безруковыг хэн нэгэн болгосонд баярлалаа

Оросын ардын жүжигчин, Москвагийн Губернский театрын уран сайхны удирдаач Сергей Безруковын “РУССИЯ 66” телевизэд өгсөн ярилцлагаас онцлон хүргэж байна.

Монголчууд түүнийг “Бригада” киноны Саша Беловын дүрээр нь эчнээ таних билээ. Сергей Безруков гэж хэн бэ?

Помните ли Саша Белов от Бригада? Вижте с какво се занимава днес... - Дебати
Та уянгын яруу найргийн ханхүү гэгддэг алдарт Сергей Есэнин дүрийг бүтээж байсан. Тухайн үед яагаад тус уран бүтээлд оролцох болсон бэ?
- /зогсолт/  Сергей Есэнин тэр дүрсгүй араншингаас гадна уран гоё хэллэгтэй, утга төгс шүлгүүдийг кино зохиолдоо ашигласан нь их таалагдсан л даа. Сонирхолтой нь найруулагч хэлэхдээ /инээв/ “Чи театрт төрсөн дараагийн Есэнин. Би чамайг энэ дүрийг бүтээж чадна гэдэгт итгэж байна” гэж хэлсэн нь тоглох хоёр дахь шалтгаан болсон гэх юм уу? Орос ард түмний хайртай яруу найрагчийн дүрд тоглоно гэдэг миний хувьд маш том шалгалт байсан.
Та тэр шалгалтаа амжилттай давсан. Оросын ард түмэн киног цацагдсаны дараа таныг Есэнин гэж дуудаж байлаа. Энэ бол таны шалгалтадаа тэнцсэний шагнал.
- Тийм. Би одоо ч баяртай байдаг. Жүжигчин хүнд олдсон маш том шагнал. Мэргэжилдээ хайртай, амьдралд хичээж зүтгэж явсны минь л гавьяа.  Намайг өдийг хүртэл дэмжиж ирсэн үзэгчдийнхувьд миний тоглолт Оросын ард түмэнд бурхнаас өгсөн шагнал гэж бодон өөрөөрөө хааяа бахархдаг. /толгой дохин инээмсэглэв/
Та өөрийнхөө тоглосон сериалыг үздэггүй гэж хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. 
-Харамсалтай нь сериал үзэх цаг гардаггүй юм. Бас би болоод өнгөрсөн зүйлийг эргэж харах дургүйтэй минь холбоотой. Өөрийнхөө алдаа бүрийг кино гарахаас өмнө хардаг. Гарсных нь дараа үздэггүй.  /зогсолт/ Сүүлд “Таинственная страсть”-ийн хэсгүүдийг интернетээс үзсэн. Тэдгээр хэсгүүдийг тавьсан фэнүүддээ баярлалаа. Энэ киноны зургийг авч байхад би зургийн талбайд биш жинхэнэ 60-аад оныхны дунд байгаагаа ойлгосон. Надтай хамт Чулпан Хаматова биш Белла Ахмадулина, Филипп Янковский биш Евгений Евтушенко байсан болохоор би хамтран тоглогчдоо жүжигчид гэж харахаа больсон.
Та өөрийгөө Высоцкий гэж мэдэрч байв уу? 
-Үгүй. Би өмнө нь Владимир Семеновичийн дүрийг бүтээж байсан («Высоцкий. Спасибо, что живой» кинонд). Энэ удаад гадаад төрхөөрөө их адилхан байх чухал биш байлаа. Сериалд Высоцкийн театрын ажлынх нь хэсгүүдээс тоглосон нь надад их таалагдсан. Жишээ нь, Гамлетын алдартай монолог.

Жүжигчин Сергей Безруков Archives - Eguur.MN
Таныг Азийн үзэгчид их сайн танидаг. Хамгийн сүүлд Азийн аль орон руу хэзээ явсан бэ? 
- Тийм. Азиуд намайг Сашагийн дүрээр минь их танидаг юм билээ.  Хамгийн сүүлд Аня бид хоёр (түүний эхнэр, найруулагч Анна Матисон) хэдэн жилийн өмнө эрсдэлтэй алхам хийж Япон руу охинтойгоо явсан. Манай “После тебя” киног Токиод олон улсын кино наадамд урьсан жил л дээ. Найруулагч болон гол дүрийн жүжигчин нь заавал очих ёстой гэсэн. Аня бид хоёр киногоо танилцуулж, хэвлэлийн бага хурал дээр хамт байх ёстой байсан. Тэгэхээр Машаг хэнтэй орхих билээ. Бидэнд хүүхэд асрагч байдаггүй. Охиноо аваад 10 цаг нисээд эргээд мөн тийм цагийг онгоцонд өнгөрүүлсэн. Гэхдээ бүх зүйл гайхалтай олон тохиосон шүү. Япончууд бидэнд ялалтыг өгсөн. Гэхдээ ялалтын төлөө бус киногоо олон улсын том кино наадамд оролцуулах нь чухал байсан. Ингэхэд, япончууд манай киног прокатаар авсан. Урьд өмнө нь байгаагүй тохиолдол. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Японы үзэгчид орос киног яг л манайхан шиг хүлээж авдаг. Тэд инээж, уйлж, киног маш их сонирхсон. Надаас гарын үсэг авахаар ирсэн олон япон фэн байсан шүү.
Таныг Оросын хамгийн залуу Ромео гэдэг.
- Бага байхаасаа театрт л дурласан. Тийм болохоор би театрын сургуульд орох нь ойлгомжтой болсон байсан ч өөрийгөө эхэлж байгаа жүжигчин шиг авч явдаг байлаа.  Тэр үе маань одоо бодоход саяхан мэт санагдаж байна. Би анх удаагаа Ромеод 14 настай байхдаа тоглож байсан. Гэхдээ л жүжигчин болох хүн физик, хими, математикийг мэдэж байх ёстой гэж бодож их  хичээсэн.
Охинтой болсноосоо хойш та илүү нээлттэй болсон юм шиг. Түүнтэй хамт байгаа зургаа цахим хуудсандаа байнга нийтэлдэг болж. Бас та хувийн амьдралаа их хамгаалж, нэгэн хэвлэлийг хувийн амьдралд оролцлоо гэж шүүхэд хүртэл өгч байсан.
-Сэтгүүлч бүр л асуух юм. Би чинь аав хүн шүү дээ. Аз жаргалтай байгаа мөчөө хором алдахгүй авч үлдэхийг л хичээж байна. Охин хүүхэд эр хүнийг их зөөлөн болгодог юм билээ. Гэхдээ би одоо ч хувийн амьдрал руу минь орохын эсрэг байгаа. Би  хангалттай нээлттэй байсан гэж боддог. Энэ хэвээрээ ч байх болно. Харин зүгээр л сенсаац тарих гэсэн шар хэвлэлүүд байдаг нь харамсмаар юм. Иймээс заримдаа шүүхээр дамжуулж эрхээ хамгаалах хэрэгтэй болдог.  Энэ эмзэг байдал маань ганц удаагийн тохиолдлоор биш л дээ. Миний эхнэр байсан Ирина бид хоёр өнгөрсөн амьдралынхаа талаар юу ч ярихгүй гэж тохиролцсон. Би түүнтэй урьдын адил харьцаж, тусалж, нэг театрт ажиллаж байна. Бидний хамтран байгуулсан соёлын сан ч бий. Ирина надад амьдралаа шинээр эхлэх боломж олгосонд би талархдаг. Миний амьдралд Аня, Маша хоёр минь гарч ирснээр их зүйл өөрчлөгдсөн. Би анх удаагаа өөрийгөө эцэг хүн гэдгийг мэдэрлээ. Надад өөр хүүхдүүд байгаа нь үнэн. Бүгд үүнийг мэддэг болсон. Миний эцэг эх, эхнэр Анна маань ч тэднийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Маша төрснөөр би аав хүний аз жаргалыг бүрэн мэдэрч байна. Төрөхөд нь байж, олон шөнө нойргүй хонож, аз жаргалтайгаар ядарч байна. Охины минь анхны инээд, анхны шүд гээд л бүгд эцэг хүний аз жаргал. Бусад хүүхдүүддээ ч би адилхан хайртай. Би том гэр бүлтэй болжээ. Гэхдээ хувийн амьдралаа бүгдэд зарлахыг хүсдэггүй. Хүүхдүүд маань оддын хүүхдүүдийн синдромгүйгээр өсөөсэй гэж хүсч байна. Машаг ч би цахим сүлжээгээр харуулдаггүй. Харуулах ч үгүй! Зөвхөн тэрэгнээсээ цухуйж байгаагаар, ар нуруунаас нь л харуулдаг (инээв).
“Инстаграм”-аас тань харахад охиндоо зурагтын оронд аквариумны загас үзүүлдэг. Харин хүүхэлдэйн кино яах билээ?
-Бид зурагт үздэггүй. Маша театрт очдог болсон. Ээжтэйгээ хамт жүжигт ирж, тайзны араас сонсдог. Намайг тайзан дээр байхад охин маань миний хоолойг сайн танина.
Их л догдолж үздэг болов уу?
-Охин маань догдлохоосоо илүү нхааралтай сонсдог. Үүнээс гадна сонгодог хөгжимд дуртай. Хөгжмөөр хичээллэж байгаа.
Аав болгоны мөрөөдөл хэзээ нэгэн цагт хүүхдүүдэд зориулж өвлийн өвөө болох?
-Хэзээ ч тоглоогүй юм байна. Сургуулийн жүжигт туулай л болж байсан. /инээв/ Өнгөрсөн шинэ жилээр охиноо баярлуулж нэг л удаа өвлийн өвгөн болж үзлээ. Мэдрэмж нь их сайхан. Даанч охин маань намайг таниж байна билээ. 

Сергей Безруков - актёр, продюсер - биография - российские актёры -  Кино-Театр.Ру
Та “Инстаграм”-ынхаа дагагчдад зориулж “Эрхэм сайхан та бүхэндээ” гэж бичихдээ “хоррошие…” гэж хоёр «р» үсэгтэй бичдэг. Яагаад тэгдэг юм бэ?
-Энэ бол Есенин. “Пугачев” найраглалын хэсэг. Энэ мөрийг би эртнээс хэрэглэж ирсэн. Дагагчид маань хоёр “р” үсгэнд дасчихсан. Тэгж бичихгүй бол бараг гомдоно байх. Би “Инстаграм”-аа миний амьдралыг сонирхдог, намайг дэмждэг хүмүүст зориулж ажиллуулдаг.  Би олон нийтийн сүлжээнд их цаг гаргадаггүй л дээ. Гэхдээ үзэгч фэнүүдтэйгээ мэндлэхээс хэзээ ч татгалзахгүй. Тэдний хайртай дүрүүдийг би бүтээсэн. Тэднээс хангалттай хайр, хүндэтгэл мэдэрдэг. Тиймээс үзэгчид маань миний амьдралын нэг хэсэг. Хэн ч танихгүй Безруковыг хэн нэгэн болгосонд баярлалаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1