surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Нэрийг нь цоллон гүтгэсэн үү? Нийтээр нь цагаатгахаар гүрийсэн үү

Нэрийг нь цоллон гүтгэсэн үү? Нийтээр нь цагаатгахаар гүрийсэн үү

             Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь А.Адъяасүрэн. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” хэмээн зарласан.  Түүнийг мэдээлэл хийснээс хойш тухайн бүлэглэлд ЯМАР гишүүд багтсан бэ гэдэг таамаг хөвөрч байв. Гэвч төд удалгүй тэдгээр гишүүдийн дунд Ерөнхий сайд, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан хүмүүс ч багтсан. Ерөнхий сайдын шүгэл ажиллагаа үүгээр эхэлсэн ч хаана төгсөв. Үр дүнд нь энэ улс хэдэн хулгайчаасаа хагацав. Хэлэх үг, хийх үйлдэл нь газар авдаггүй  энэ улсад хэнийх нь гавьяа хэнийх нь гай болж Л.Оюун-Эрдэнийн “Тавантолгойн хулгай” жүжиг өндөрлөв.
            ЦОЛЛОГДСОН Ч ЦОЛТОЙГОО ҮЛДСЭН УЛС ТӨРИЙН ДЭВЖЭЭНИЙХЭН           
А.АДЪЯАСҮРЭН: Ерөнхий сайдын ил цагаан нэрлэснээр тэр хамгийн эхэнд багтана. Эл гишүүний нэр С зөвшөөрлийн авлигын асуудалтай хамгийн түрүүнд нэр холбогдож байгаа. Тэрбээр нүүрс тээврийн "С" зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдон шалгагддаг ч, одоог хүртэл тодорхой үр дүн гарсангүй.  100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгасан. Уг хахуулийг БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн гэдэг нь удаа дараа баримтаар нотлогдсон. Авлигын хэрэг 2020 оны гуравдугаар сард гарсан бөгөөд тухайн үед А.Адъяасүрэн нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэсэн статустай байсныг эргэн санах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл түүнийг эзэнтэй нь цоллосон ч гавьяагүй гишүүнээ гайгаар нь өөхшүүлж шагнасан уу Энд дарж холбогдох материалтай танилцана уу
Ш.РАДНААСЭД:  Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гүтгэгдсэн мэт хэсэг өрвөлзөөд дуугаа хураасан. Энэ эрхэм Ж.Мөнхбат, А.Ариунболд нараар нүүрсний хулгайд нэр холбогдсон. Тэр гүтгэгдээгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн гашуун түүх илчилнэ.Тэр бүү хэл, төрийн “САН”-гийн мөнгийг хувийнхаа данс шиг ашиглаж ирсэн нь баримтаар нотлогддог.  Уг нь манай улсын Засгийн газар авралын сүм биш. Илүү ихийг Эндээс
Ц.АНАНДБАЗАР:  Нүүрсний хулгайд нэр холбогдсон Х.Баттулга, М.Энхболд, Ц.Анандбазар нар бол МАНАН-гаас төрсөн хамгийн том АКУЛ гэж харагдаж байв. Үнэхээр ч тэд акул юм. Ц.Анандбазарыг авардагаараа, өршөөн хэлтрүүлдэгээрээ мартагнууллаа.  Илүү ихийг Эндээс
Н.НАРАНБААТАР : Нүүрсний хулгайн жинхэнэ эзэд гэх бүлэг этгээдтэй нэр холбогддог эл эрхмийг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэмжээлшгүй эрх дархаараа хамгаалж үлдсэн нь өөр нэг том сэжүүр үлдээсэн.  Илүү ихийг Эндээс
 Б.БАТТӨМӨР Ц.СЭРГЭЛЭН: Нүүрсний хулгайн их зургаад нэрээ зарлуулсан ч хожим нь гэмгүй болсон хоёр гишүүн. Тодруулбал АТГ-аас "...мөрдөн шалгах ажиллагааны явцад танд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно" гэсэн бичгийг тус бүрт нь хүргүүлснээр тэдний нэр цэвэршив. Гэвч Тэс петролиумын эзэн Б.Баттөмөр нүүрсний хэрэгт хэд хэдэн сэжмээр нэр холбогддог. Цаашлаад “УВС” бүлэглэлээрээ төрийн сангуудаас авсан зээл, авлигалын хар мөр түүнийг тойрох биш дайран өнгөрснийг бид “БАЯЛГИЙН ХУЛГАЙ” цувралаараа танилцуулах болно.
                           ЗАСАГТАА ИВЭЭГДСЭН ҮҮ? ТОХИРОО ЯВАГДСАН УУ?                          
Ч.УНДРАМ:  “Өсөх зоос” компанийн Ч.Чинбатын охин. Түүний аав нүүрсний бизнес эрхэлдгээрээ зард гарсан бизнесмэн. Гурван тэсийн нүүрсний талбайгаа шүүхдэлцэж байгаад МАК-иас авсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Өсөх зоос компаниараа дамжуулж жилдээ олон сая тонн нүүрс урагшаа зөөдөг. Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Тэргүүн байсан охиноо намаас нь гаргаж, эрх баригч МАН-д элсүүлж, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч болгосон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойртуулж, МАН-аас УИХ-д нэр дэвшүүлж гаргааж ирсэн гэх хэл аманд орооцолдож байв. Ямартай ч энэ удаад ааваасаа болж нүүрсний бүлэглэлд нэр холбогдсон. Хамгийн ноцтой нь Д.Сумьяабазар, БНХАУ-ын нэр бүхий компанитай хамтран “Цагаан Дэл уул”-аар зам тавьж байгаа. 
Д.СУМЬЯАБАЗАР: Бөхийн дэвжээнд хүч нь сулраад ирэхээр улс төрийн дэвжээнд гардаг жамтай. Энэ л ёсоор Д.Сумьяабазар улс төрд чансаа өндөр яваа. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой”-д эзэн сууж, тендер будлиулж цаашлаад оффшорт бүртгэлтэй, зэвсгийн компанитай оффтэйк гэрээ хүртэл байгуулж тараа таниулсан. Түүнчлэн Ч.Ундрамын аав Ч.Чинбаттай хамтран ”Цагаан дэл уул”-аар боомт нээж, зам тавьж байгаа. Энд дарж танилцана уу
Г.ДАМДИННЯМ, Х.ГАНХУЯГ: Тэдний эрх ашиг “Вертекс майнинг партнер” ХХК дээр нэгддэг. Тус компанийн үндсэн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням бүртгэлтэй. Харин Гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү Хассуурийн Хашчимэг ажилладаг. Тус компанийн үйл ажиллагааны нэг чиглэлд уул уурхай багтсан нь анхаарал татдаг. Тэд нүүрснээс 60-70 ам. долларыг хэрхэн завшдаг вэ. Тавантолгойн нүүрс уурхайдаа бол 60 ам.доллар, хилийн цаана очихдоо 120-180 болчихдог. Энэ дундах 60-70 ам.долларын зөрүүг завшдаг бүхэл бүтэн бүлэглэл байна. "Эрдэнэс Монгол" тэргүүтэй нүүрсний төрийн өмчит компаниудаар дамжин бүх процесс өрнөдөг.
Б.БАТ-ЭРДЭНЭ: Монгол улсын 20-р зууны манлай бөх дархан аварга Б.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайд нэр холбогдож, хэсэг дуулиан тариад нам дарагджээ.Спортын хөгжилдөө төдийлөн анхаарал хандуулдаггүй, бөх үзэж, наадам хэсч явахаас гавьяагүй эрхэм сайдын нүүрсний хулгайд нэр холбогдсон түүх тун сонирхолтой схем үүсгэдэг билээ. Бид "Баялгийн хулгай" цувралаар холбогдох баримтыг танилцуулж байв. Энд
Ш.АДЬШАА:  Ховдоос төрсөн рейтинг өндөртэй Ш.Адьшаа нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компаниудаараа авч, цаашлаад том жижиг сангуудаас тойргоо услах мөнгөө олдог нь удаа дараагийн баримтаар нотлогдсон. Манай сайтын "Давстай чихэр" булангаар түүнд холбогдох зарим баримтыг дэлгэн танилцуулав Энд дарж танилцана уу
Б.ЭНХ-АМГАЛАН: Говь-Алтай аймгаас сонгогдож, хууль бусаар тендер завшиж, зам, алт, нүүрс гурваар түрийвчээ зузаалсан эрхэм гишүүн “нүүрсний хулгай”-н хэрэгт З.Энхболдоор нэр холбогдон шалгагдахаар болсон ч аанай л сураг тасрав. З.Энхболдын Страто компанид алан тушаалаа урвуулан ашиглаж давуу эрх олгосон Б.Энх-Амгалангийн тендер, газар, лицензийн наймааны ноцтой баримтууд ар араасаа хөвөрч байгаа нь нууц биш билээ. Б.Энх-Амгалангийн Баялгийн хулгай цувралын дугаарыг Энд дарж хүлээн авна уу
Ц.ЦЭРЭНПУНЦАГ: Нүүрсний хулгайд нэр холбогдож буй гуравдахь бөх. Монгол улсын гарьд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг. Уул уурхайд Сингапурын хөрөнгө оруулалттай “Хургатай хайрхан” ХХК, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” гээд компаниудаараа хүч үзэж байгаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөвсгөл аймгийн дархан цаазат газруудад тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь Монголын Швейцарь түүний гарт үрэгдэж мэдэх нөхцөл байдал үүссэнийг 2020 оноос хойш онцгойлон сануулж ирлээ.
          ГОМДОЛТОЙ БУЦАЖ БУЙ ГОЛОГДСОН ХЭД          
Д.БАТ-ЭРДЭНЭ: Олны хэлж заншсанаар “ажнай”. Эл гишүүний тухай УИХ-ын дарга Г.Занданшатар аль 2018 онд нүүрс хулгайлдаг байж болзошгүй гэж зарлаж байсан. “Тавантолгой”-н тээвэрлэгч компани болох “Тавантолгой транс” гэх компани “Эрдэнэс Тавантолгой”-н газраас хил давуулан 60 тэрбумын нүүрс олборлосон хэрэгтэй нэр холбогддог. “Тавантолгой транс” компанийн 70 хувийг тухайн үед Д.Бат-Эрдэнэ гишүүн эзэмшиж байв.Явдаггүй газар авдаггүй нүүрсний хулгайн хэргийн хамгийн ихээр шалгагдсан хоёр хүний нэг. Өөрөөр хэлбэл нүүрстэй цаашлаад Тавантолгой-той ойрхон явснаар эл гишүүн хамгийн эхэнд цоллогдоод хамгийн түрүүнд суудлаасаа бууж, улс төрийн тоглоомоо өндөрлөлөө. Тэр гэхдээ ганцаараа Тавантолгойд хаан суугаагүй.
Т.АЮУРСАЙХАН: Тавантолгой ХК-ны гүйцэтгэх захирал асан Ганхуяг, А.Ариунболд нарт эрх мэдэл олгож, өөрийн хамаарал бүхий компаниудаа Тавантолгойд эзэн суулгасан нь ил болжээ. Д.Бат-Эрдэнэтэй хамт суудлаасаа бууж байгаа тэрбээр одоогийн Засгийн газартай маш эвсэгээр тохироо хийж албан тушаалаа хүлээлгэн өгсөн талаар танхимийн нөхөд нь дурсаж сууна. 
Ж.МӨНХБАТ:  Нүүрсний хулгайгаас нэр нь цэвэрлэгдэхээсээ өнгөрсөн Ж.Мөнхбатын ар өврийн хормойд чирэгдсэн олон гишүүд сайд нар үрэгдэх нигууртай. Тийм болохоор Ж.Мөнхбатын халдашгүй дархан эрхийг олон хүн, олон байгууллага хамгаалж буй дүр зураг өнгөрсөн хугацаанд нүдний өмнө хөвөрлөө. Илүү ихийг Баялгийн хулгай цувралаар танилцуулж байлаа.
                                                ДАЙХ ҮГ                                             
Одоогийн Засгийн газар “нүүрсний хулгай”-н үлээсэн шүгэлдээ өөрсдөө түүртэж эхэллээ. Ингэхдээ хулгайчийг олно, зарлана, нотолно гэх сүрдэм мэдэгдлүүдээ Хөгжлийн банкны сонсгол, Таван Ш ажиллагаа”-ны сүрээр дарж, мартагнуулж байна. Уг нь авлига албан тушаалын ноцтой асуудалтай гишүүд сайд нараа эхэнд нь шалгаж, нотолж шүүрдсэн бол итгэх байлаа. Тэд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог шинэчлэхээр боллоо. Харин бид үр дүнгээ нэхэх цаг ирлээ.     Хэн нь хэн бэ?

        ХЭНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ, ХЭНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛЖ БАЙНА ВЭ?                          
 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1