Хөлсөө цувуулсан татвар төлөгчдийн мөнгөөр хөлд орж, тендер завшиж, нүгэлт гараа нүүрсэнд хүртэл дүрсэн, нам харгалзахгүй “хулгайн” шоуны найруулагч хийсэн Гаалийн Адьшааг гишүүн болгож эрхлүүлэв. Хайр даадаггүй, хал үздэггүй хашир өвгөний тасар балагт Монголын төр хожмын өдөр уйлж мэдэх юм. Учир нь Ш.Адьшаагийн гар хүрээгүй тендер, уурхай гэж байхгүй. Харанхуй хонгилдоо хааны дүртэй жүжигчний шүлсээ үсчүүлсэн өр зээл, тендерийн баримтыг танилцуулж байна.
2020 оны 03 дугаар сарын 31-нд нэг талаас Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, нөгөө талаас Улсын бүртгэлийн 9011693007, регистрийн 6407862 дугаартай “Шинэ ази ложистик” компани, түүнийг төлөөлж захирал Б.Энхсайхан нар Олон овоо өртөөний 8 дугаар зам дагуу ачаа ачиж буулгах зориулалттай нийт 9416 м кв талбай болон ачилтын фронт нь 152 м урт, нийт 286 м урт төмөр замыг ашиглах гэрээ байгуулсан. Б.Энхсайхан гэгч нь Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягийн хүү. Болдхуягийн Б.Энхсайхан нь Ш.Адьшаагийн өөр нэг компани болох Шанд ложистик ХХК-тай холбогддог.
Шанд ложистик ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн хүү тухайн үед 20 настай байсан А.Мягмардоржийн нэр дээр байгуулагдсан. Харин уг компанийн хамтран эзэмшигчид нь Ш.Адьшаагийн баруун гар Сувидын Баярсайхан, Ш.Адьшаагийн төрсөн дүү Болдхуягийн хүү Энхсайхан нар байгаа юм. Шанд ложистик ХХК нь Олон овоогийн терминал дээр нүүрс ачиж буулгах үйл ажиллагаа явуулдаг гол толгой компани нь. Нэг удаад 50 вагон нүүрс ачихад л 1 тэрбум төгрөгийн ашиг олдог унац ихтэй бизнес.
Харин “Шинэ ази ложистик” компаний УБТЗ-тай байгуулсан нүүрс ачиж буулгах талбай, салаа төмөр зам ашиглах түрээсийн гэрээний хугацаа энэ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Гэтэл Ш.Адьшаагийн хамаарал бүхий этгээдүүд Шинэ ази ложистик компанийнхаа оронд Шанд ложистик ХХК дээрээ гэрээ байгуулахаар улайран зүтгэж гэрээний төслөө явуулсан. Олон овоо өртөөний Шанд ложистик ХХК-ийн салбар замаас 2020 онд 3326 вагоноор 221 мянга 179 тн нүүрс Хятад руу гарсан бол 2021 онд 3350 вагоноор 236 мянга 785 тн нүүрс гарсан. Харин 2022 онд 3600 вагоноор 238 мянга 680 тн, 2023 онд 1345 вагоноор 89 мянга 846 тн нүүрс урагшаа гарчээ. Зөвхөн галт тэрэгний нэг цуваа 50 вагоноос 1 тэрбумын ашиг олдог гэвэл 2022 онд 3600 вагоноос тэд 72 тэрбум төгрөгийн ашиг олсон.
Ш.Адьшаа яг энэ терминалынхаа хажууд 2022 оны 12 дугаар сарын 30-нд эхнэр Я.Саранчимэг болон өөрийн туслах Т.Доржпалам нарын нэр дээр байдаг Винсолд интернэшнл ХХК-ийн нэр дээр дахиад нүүрсний терминалын зориулалтаар дуудлага худалдаагаар 800 сая төгрөгөөр 50 га газар худалдан авсан. Винсолд интернэшнл ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түүний туслах Түмтийн Доржпаламын нэр дээр үүсгэн байгуулагдсан. Одоо уг компани нь түүний эхнэр Я.Саранчимэг, Т.Доржпалам нарын эзэмшилд байгаа бөгөөд эхнэр Я.Саранчимэг нь уг компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна. Ш.Адьшаагийн туслах Т.Доржпалам нь Алтай эко хүнс ХХК, Зэлмэ секьюрити ХХК, Шанд ложистик ХХК-иудад тус тус хувьцаа эзэмшдэг.
Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас 102 мянган ам долларын зээл авсан Ш.Адьшаагийн том хүү А.Биндэрьяа бас л нүүрснийхэнтэй шууд холбогддог. Тэрээр 2022 оны нэгдүгээр сард Сувидын Баярсайхантай нүүрс тээврийн “Галба ирээдүйн хөгжил” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж байгаа. Сувидын Баярсайхан нь Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалантай нүүрс тээврийн “Талын хишиг флорит” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн С.Баярсайхан нь Ш.Адьшаагийн дүү Болдхуягийн Энхсайхантай нүүрс тээврийн “Шанд ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Болдхуягийн Энхсайхан нь мөн л М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалантай “Шинэ Ази ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, С.Баярсайхан, Ш.Болдхуяг нарын “Шанд ложистик” ХХК, Болдхуяг, М.Бат-Амгалан нарын “Шинэ ази ложистик” ХХК-ууд нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн “Ази групп” ХХК-ийн “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 30-р байр, 01 тоот” гэсэн хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг.
Үүнээс гадна тендерээр тэнхээжсэн хэдэн компаниуд байдаг. Тухайлбал Ш.Адьшаагийн хүү Анхбаярын багын найз Б.Бадам. "Би рич трейд" ХХК, Биг Монголиа билдинг ХХК, Алтайн аргаль клуб НҮТББ, Ш.Адьшаагийн хүү Анхбаярын найз Д.Дамдинбазар. Ховд аймгийн залуучуудын соёл боловсролыг дэмжих төв, НҮТББ, ”Биг Монголиан хюмэн ресурс" ХХК, "Биг монголиа ложистик" ХХК, Бий март шүрэн трейд ХХК, Мөнгөн хүлэг тээвэр ХХК-ийг тус тус эзэмшдэг. Ш.Адьшаа эдгээр компаниудаар дамжуулан хэдэн зуун тэрбумаар тоологдох үнийн дүнтэй тендер авсаар ирсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сар ”Биг Монголиа Билдинг ХХК”, “Биг рич ХХК” гэх тендерийн мангас болсон гол компаниудаа хүүгийнхээ найзуудын нэр дээр шилжүүлж нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа зураглал харагдаж байна.
Хамгийн ноцтой нь Aдьшаа өөрийн хүү Анхбаярын нэр дээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Биг Монголиа билдинг ХХК”-ийг үүсгэн байгуулсан байдаг. Тендерийн мангас хочит Биг Монголиа Билдинг ХХК нь
Нэг. Залуус 1 орон сууцны хорооллын төслийн хонгилын төслөөс эхний ээлжинд гүйцэтгэх ажил нэрийдлээр 6 ТЭРБУМ 841 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан.
Хоёр: Сургууль цэцэрлэг дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ. Сүхбаатар аймаг Баяндэлгэр, Түвшинширээ сум, Хэнтий аймаг Баянхутаг, Дэлгэрхээн сум. 1 ТЭРБУМ 65 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр авсан.
Гурав: Төгрөг суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих ажил. 924 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан.
Дөрөв: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд цэцэрлэгийн барилга. 1 ТЭРБУМ ТӨГРӨГ-ийн тендерийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан.
Тав: Дархан-Уул аймаг, Дархан сумын 1, 2,3- дугаар баг Мэдээлэл холбооны Дархан дэд төв. 6 ТЭРБУМ 373 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авсан.
Зургаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сум Спортын ордны барилга. 7 ТЭРБУМ 596 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан.
Долоо: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Усан бассейны барилга. 4 ТЭРБУМ 300 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр авсан.
Найм: Хөвсгөл аймгийн Мөрөн сум. Халдварт, сүреэгийн эмнэлгийн барилга. 1 ТЭРБУМ 849 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2018 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр тус тус авсан байна. Зөвхөн ганцхан “Биг Монголиа билдинг” ХХК гэх ганцхан компаниараа дамжуулан 29 ТЭРБУМ 948 САЯ ТӨГРӨГ-ийн тендер авснаас харахад Адьшаагийн тендерийн бүлэглэл төсвөөс хэдий хэмжээний мөнгө цусласан нь тодорхой харагдана. Энэ бол тендер түүдэг түүхийн дөнгөж эхлэл нь. Адьшаагийн хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг “Би рич трейд” ХХК нь ХУД-т 1 ТЭРБУМ 880 САЯ ТӨГРӨГ-ийн үнийн дүн бүхий сургуулийн барилга, “Хангарьд девелопмент сити” ХХК Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГ-ийн үнийн дүнтэй сургуулийн хичээлийн байрны барилгын тендер тус тус авсан .
Түүнчлэн Хөгжлийн банкны асуудал өнгөрсөн онд сөхөгдөж олон УИХ-ын гишүүд нэр холбогдсны дотор эрхэм гишүүн Ш.Адьшаагийн нэр гарч ирсэн. Улмаар УИХ-ын хянан шалгах түр хорооны Хөгжлийн банкны нээлттэй сонсголд 11 тухай шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Засгийн газрын тогтоолоор 2014 онд хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь Хөгжлийн банкнаас 110.4 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилтийн гэрээг байгуулсан бөгөөд нийт 9 банкны 57 дэд төсөлд нийт 85.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосныг танилцуулсан. Уг зээлийн асуудалд зургаан этгээдийг гэрчээр дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа байв. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар зээлдэгчдийн нэг болох УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн Ховд Хаан бирж ХХК нь зургаан тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд баримтаар нотлогдоогүй нийт 3.7 тэрбум төгрөг тооцогдсон байдаг. Түүнчлэн сонирхуулахад авлигын мангас гэгдэж буй Ё.Баатарбилэг, Ш.Адьшаа нарын эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нэгэн тендер бол Архангай аймагт 1000 хүний суудалтай Спортын ордон барих төсөл байлаа.
Уг төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачилж, ордны зураг төслийг БШУС-ын сайдын багцын санхүүжилт 140 сая төгрөгөөр "Критив монголиа" ХХК гүйцэтгэжээ. Гэвч барилгыг улсын төсвийн санхүүжилт болох нийт 7,9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр "Биг монголиа бюлдинг" ХХК барилгын ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан.
Энэ мэтчилэн Ш.Адьшааг чиглэсэн олон арван баримтуудыг бид “Давстай чихэр” цувралаар нэхэн танилцуулах болно.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ